ДУУЛАЛ 79

Иерусалимыг энэрэхийг гуйх нь
Асафын дуулал.

79 1 Бурхан, үндэстнүүд Таны өвд иржээ.
Таны ариун сүмийг бузарлаж,
Иерусалимыг тэд балгас болгов,
2 Зарц нарын тань цогцсуудыг
Тэнгэрийн шувуудад хоол болгож
Ариун хүмүүсийн тань махыг
Газрын араатнуудад тэд өгчээ,
3 Иерусалимын эргэн тойронд
Тэдний цусыг ус мэт урсгахад
Оршуулах хэн ч байгаагүй.
4 Бид хөршүүддээ шившиг,
Эргэн тойронд байгсдадаа

 доог тохуу болсон.
5 ЭЗЭН, хэдий болтол вэ?
Та мөнхөд уурласаар байх уу?
Хардалт тань гал шиг шатах уу?
6 Уур хилэнгээ Таныг мэддэггүй

 үндэстнүүд дээр,
Нэрийг тань дууддаггүй

 хаанчлалууд дээр асгаач.
7 Учир нь тэд Иаковыг залгиж,
Орших газрыг нь эзгүйрүүлсэн.
8 Эцэг өвгөдийн маань хилэнцийг
Бидний эсрэг бүү санаач.
Бид маш дор орсон учир
Өөрийнхөө өршөөлөөр
биднийг даруй угтаж аваач.
9 Авралын маань Бурхан,
Алдар нэрийнхээ төлөө

 бидэнд туслаач.
Нэрийнхээ төлөө биднийг аварч,
Нүглүүдийг маань уучлаач.
10 Юунд үндэстнүүд
“Тэдний Бурхан хаана байна?”
гэж хэлэх ёстой вэ?
Таны зарц нараас урссан

 цусны өс авалт
Бидний нүдэнд үндэстнүүдийн

 дунд мэдэгдэх болтугай.
11 Хоригдлын ёолох дуу
Таны өмнө ирэг.
Үхэхээр яллагдагсдыг
хүчнийхээ аугаагаар хамгаалаач.
12 Эзэн, Таныг зүхсэн хөршүүдийн

 маань зүхлийг
Өвөрт нь долоо дахин илүүгээр

 буцаагаач.
13 Тэгвэл Таны ард түмэн,
Таны бэлчээрийн хонин сүрэг бид
Танд мөнхөд талархана.
Магтаалыг тань бид
үеийн үед тунхаглана.