ДУУЛАЛ  31

Дайснаас аврагдахын төлөө
Удирдаачид. Давидын дуулал.

31 1 ЭЗЭН, Таны дотор би хоргодсон
Намайг хэзээ ч ичгүүрт бүү

 унагаач,
Зөв шударгаараа намайг авраач!
2 Сонор юугаа над уруу хандуулан
Намайг хурдан авраач!
Миний хоргодох хад,
Намайг аврах хүчирхэг бэхлэлт

 минь болооч!
3 Учир нь Та миний хад,
Бат цайз минь билээ.
Нэрийнхээ төлөө Та
Намайг удирдаач, хөтлөөч!
4 Тэдний надад нууцаар тавьсан
Торноос намайг гаргаач!
Учир нь Та миний хамгаалалт

 болой.
5 Таны гарт би сүнсээ даатганам.
Үнэний Бурхан ЭЗЭН,
Та намайг зольсон.
6 Хуурмаг хоосон шүтээнүүдийг

 хүндэтгэгсдийг
Би үзэн ядна.
Харин би ЭЗЭНд итгэдэг.
7 Хайр энэрэлд тань би
Баясан баярлах болой.
Учир нь Та зүдүүрийг минь харсан.
Та сэтгэлийн минь зовлон

 шаналанг мэдсэн.
8 Та намайг дайсны гарт

 тушаагаагүй,
Та хөлийг минь уудам газарт

 тавьсан билээ.
9 ЭЗЭН, намайг нигүүлсээч,
Учир нь би зовлон зүдүүр дунд

 байна.
Уй гашуугаас болж
Нүд, сэтгэл, бие минь сульджээ.
10 Учир нь амьдрал минь

 гаслантай хамт,
Он жилүүд минь
Санаа алдалттай цуг өнгөрчээ.
Миний хүч тэнхээ хилэнцээс

 минь болж сулран
Яс минь тамирдав.
11 Бүх өстнөөсөө болж
Би хөршүүдийнхээ дунд

 доромжлол,
Танилуудынхаа дунд

 айдас төрүүлэхээр болсон.
Замд таарсан хүмүүс

 надаас зайлсхийнэм.
12 Үхсэн хүн шиг би
Санаанаас гаран мартагджээ.
Хагарсан сав мэт болжээ, би.
13 Учир нь, олны базаахгүй үгийг
Би сонссон.
Тал бүрд аймшиг байнам.
Миний эсрэг тэд

 зөвлөлдөж байхдаа

Амийг минь авахаар тэд

 хуйвалджээ.
14 Харин, ЭЗЭН,
Танд би итгэдэг,
“Та миний Бурхан” хэмээн
Би хэлдэг.
15 Цаг хугацаа минь
Таны гарт байна.
Дайснуудын минь гараас
Хавчигсдаас минь
Намайг авраач!
16 Зарцынхаа дээр
Царайгаа гэрэлтүүлээч,
Хайр энэрлээрээ намайг авраач.
17 Таныг би дуудсан тул,
Намайг ичгүүр бүү болгооч,

 ЭЗЭН,
Буруутуудыг харин ичгүүр болгож
Үхэгсдийн оронд тэднийг

 дуугүй байлгаач!
18 Бардамнал, жигшилтэйгээр
Зөв шударгын эсрэг

 ичгүүргүй ярьдаг
Худалч уруулыг дуугүй болгооч!
19 Танаас эмээгчдэд зориулан
Таны хуримтлуулсан,
Таны дотор хоргодогчдод
Таны соёрхсон сайн сайхан
Хүний хөвгүүдийн өмнө

хичнээн агуу вэ!
20 Та тэднийг оршихуйнхаа

 нууц газарт
Хүний хуйвалдаанаас нуун
Та тэднийг хэл амны хараалаас
Майхандаа нууцалж хамгаалдаг.
21 ЭЗЭН магтагдах болтугай!
Учир нь Тэрээр бүслэгдсэн хотод
Энэрэл хайраа надад

 гайхамшигтайгаар үзүүлсэн
22 Би сандран байхдаа
“Таны мэлмийн өмнөөс

 таслагдсан билээ, би” гэв.
Гэсэн ч би Тан уруу хашхирахад
Та миний гуйлтын дууг

 сонссон билээ.
23 Түүний бишрэлтнүүд ээ,
Та бүгд ЭЗЭНийг хайрлацгаа!
Итгэлтнийг ЭЗЭН хамгаалж,
Бардамнан үйлдэгчдэд
Хариуг нь элбэг төлмүй.
24 ЭЗЭНд найдагч бүгд ээ,
Тууштай байж,
Зүрхээ зоригтой байлгагтун.