Хянан засварласан хувилбарын өмнөх үг

Библийн энэхүү орчуулгыг Монголын Библи Орчуулгын Хороо 1993 оноос эхэлж, Шинэ гэрээг дангаар 1996, Ариун Библийг бүтнээр 2000 онд гаргаснаа бага зэрэг засварлан 2004 онд дахин хэвлэсэн юм. Улмаар 2006 оноос албан ёсоор Ариун Бичээс Нийгэмлэг уг орчуулгыг гүнзгийрүүлэн засварлахдаа ажлын баг, олон улсын хэмжээний зөвлөхүүд, Теологийн болон Хяналт уншлагын багууд, АБН-ийн Удирдах Зөвлөл хийгээд гадаад, дотоодын уншигч сонирхогчдын удаа дараагийн уулзалт хэлэлцүүлгэ, хувьчилсан санал зөвлөгөөг авч, Библийн Нэгдсэн Нийгэмлэгүүд (UBS), Хэл Шинжлэлийн Зуны Институтын (SIL) хамтран боловсруулсан программаар ажиллав. Мөн эхний орчуулгын сурвалж бичвэр нь Шинэ Америк Стандарт Библи (NASB) байсан бол энэ удаад Зөвлөх багийн санал ёсоор Шинэ Хянан засварласан Стандарт Хувилбарыг (NRSV) баримжаа болголоо.

Чингэхдээ монгол хэлний зөв бичих дүрэм, утга, найруулгын болон хэвлэлийн техник алдаа; хэт махчилсан юмуу оновчгүй орчуулга; андуу ташаа нэр, нэр томъёо, хэлц үг, хэллэг; үгийн жигд бус хэрэглээ зэргийг хянан засварлаж, еврей, грек эх бичвэрт аль болох дүйцүүлэхийг хичээхийн сацуу, уншигчдад өгөх мэдээллийг өргөтгөж, хэрэглэхүйеэ дөхөм болгох үүднээс номын танилцуулга, дэд гарчиг, тайлбар зүүлт, холбоо эшлэл хийгээд үгийн тайлбар, газрын зургийн нэмэлт оруулсан болой.

Үгийн хэрэглээ жигдлэхийг энэ удаа бид бүрэн гүйцээж амжаагүй бөгөөд эх хэлний үгсийг тулган дүйлгэсэн толь буюу даяг гаргаж байж шийдэх асуудал гэдгийг тэмдэглэх байна. Гадаад үгийн галиглалыг манай хэл шинжлэлд өнөө хэр нэг мөр болгон шийдээгүй байгаа тул төдийлэн хөндөөгүй ч бичгийн дүрс давхцаж утга салаалах зарим үгсийг өөрчлөхдөө эх хэлний дуудлагад дөтлүүлэхийг хичээв. Тухайлбал, тэсрэх зориулалттай бөмбөгийг монголоор “мина” гэсэн нь толь бичигт байна. Лук 19-р бүлэгт гарах мөнгөн зоосыг бас яг ингэж бичсэн байлаа. Улмаар үүнийг заахыг тийн ялгалд “минаг” хэмээсэн нь “Тангад улс” гэдэгтэй, хэрэв дуудлага харгалзан “минааг” гэж бичвэл “богино ташуурыг” гэсэн үгтэй давхцах тул грек “мна” биш харин Хуучин гэрээнд ч (1Хаад 10:17 г.м. 5 удаа) гардаг еврей “маанэ” дуудлагаар нь авсан жишээтэй. Мөн “хөвөгч авдрыг” “бүхээг”, “хөвч хөндөлтийг” “хозлол”, “Дээгүүр өнгөрөх баярыг” “Алгасал”, “Алгасал баяр” гэхчлэн цөөн бус өөрчлөлт хийсэн, зарим номын нэрийг сольсон хийгээд бусад учир шалтгааныг тайлбарласан тусгай товхимол гаргахаар шийдсэн болой.

Энэхүү төсөл Эзэний Үгийн зангаргыг мэдүүлсэн үнэт сургамж, Библи орчуулгын царааг таниулсан их дадлага, бидний хэрээс хэтийдсэн нүсэр ажил байлаа.

Бүтээгч ЭЗЭНий амьд үг Библи хөлгөн их Бичвэрийн төлөө санаа тавин, сэтгэл чилээгч олон олон хүний залбирал ерөөл, тусламж дэмжлэг, хичээл зүтгэл, хүч хөдөлмөрийн учир гүн талархал илэрхийлье. Үүний тул алдар нь тэнгэрт агч Их Эзэнд, өгөөж нь Түүнийг хайрлан үгнээ шимтэгч бүхэнд байх болтугай.

АРИУН БИЧЭЭС НИЙГЭМЛЭГ