ДУУЛАЛ 44

Үндэсний гашуудал ба

тусламж эрсэн залбирал
Удирдаачид. Корагийн

хөвгүүдийн маскил.

44 1 Эцэг өвгөдийн маань өдрүүдэд,
Эртний өдрүүдэд, өө Бурхан,
Таны үйлдсэн ажлыг
Бид чихээрээ сонссон.
Тэд бидэнд ярьсан.
2 Та улс үндэстнүүдийг

 мутраараа зайлуулж
Тэднийг маань суурьшуулсан юм.
Та харь овгуудыг

 гамшгаар тараасан.
3 Учир нь тэд илдээрээ
Газар нутгийг эзлээгүй.
Гар нь бус харин
Таны баруун мутар,
Таны хуруу ба

 оршихуйн гэрэл тань
Тэднийг аварсан билээ.
4 Миний Хаан Бурхан Та
Иаковт ялалтыг тушаагаач
5 Танаар бид өстнүүдээ шахна.
Бидний эсрэг босогчдыг
Таны нэрээр бид гишгэчнэ.
6 Би нумандаа найдахгүй,
Илд минь ч намайг аврахгүй.
7 Та л биднийг өстнүүдээс минь

 аварч,
Үзэн ядагчдыг минь

 ичгүүрт унагасан.
8 Бид өдөржин Бурханаар бахархаж,
Таны нэрд мөнхөд талархана. Села
9 Гэтэл одоо биднийг
Та орхиж, ичгүүр болгож,
Цэргүүдтэй маань хамт

 эс давшив.
10 Та, биднийг

 өстнүүдээс зугтаалгасан.
Биднийг үзэн ядагчид олз авчээ.
11 Та биднийг идэшний хонь

 адил өгч,
Биднийг улс үндэстнүүдийн

 дунд тараасан.
12 Ард түмнээ Та
Ашиггүйгээр худалдаж,
Үнийг нь үл нэмэгдүүлэв.
13 Та биднийг хөршүүдэд маань

 ичгүүр,
Эргэн тойрныхонд маань

 Элэглэл, тохуурхал болгосон.
14 Та биднийг улс үндэстнүүдийн

  дунд ёгт үг,
Харь овгуудын дунд

 толгой сэгсрэлт болгосон.
15 Өдөржин гутамшиг минь
Өмнө минь байв,
Нүүрийг минь ичгүүр хучсан нь
16 Намайг доромжлогч ба

 гүтгэгчийн дуунаас,
Дайсан хийгээд өшөө авагчийн

 байгаагаас болой.
17 Энэ бүхэн бидэнд ирсэн ч
Бид Таныг мартаагүй,
Таны гэрээнд ч

 хуурамчаар хандаагүй
18 Бидний зүрх эргэж буцаагүй,
Алхмууд маань ч
Замаас тань хазайгаагүй.
19 Гэсэн ч биднийг

 цөөвөр чонын газарт
Та няц дарж,
Үхлийн харанхуйгаар

 биднийг хучсан.
20 Хэрэв бид Бурханыхаа

 нэрийг мартсан
Эсвэл гараа харийн бурханд

 сунгасан бол
21 Бурхан үүнийг илрүүлэхгүй

 байсан гэж үү?
Тэрээр зүрхний нууцыг мэддэг юм.
22 Харин Таны төлөө бид
Бүхэл өдөржингөө хядуулжээ.
Нядалгааны хонь мэтээр
Бид тооцогджээ.
23 Босооч Эзэн, юунд Та унтана вэ?
Сэрээч, мөнхөд бүү орхиоч.
24 Юунд Та нүүрээ нууж,
Зовлон зүдүүр, дарлагдлыг маань

 мартана вэ?
25 Сэтгэл маань шороон доор ортол
Дорд болжээ.
Гэдэс хэвлий маань газарт

 наалджээ.
26 Босооч, туслаач,
Энэрэл хайрынхаа учир
Биднийг авраач.