Эш үзүүлэгч Езекиел МЭӨ 586 оны Иерусалимын сүйрлээс өмнө Вавилонд олзлогдон очсон хүн юм. Түүний үгс Вавилон болон Иерусалимд байгаа хүмүүсийн аль алинд нь хандсан байдаг. Энэ номыг 1) Езекиелийг эш үзүүлэгчээр дуудсан нь; 2) Бурханы шүүлт ба Иерусалимын сүйрлийн тухай сануулга; 3) Бурханы ард түмнийг дарлаж төөрөгдүүлсэн зарим үндэстэнд ирэх шийтгэлийн тухай үгс; 4) Иерусалимын уналтын дараах Израилийн ард түмний тайтгарал ба ирээдүйн амлалт; 5) Гогийн эсрэг эш үзүүллэг; 6) Сэргэн босох, ЭЗЭНий өргөө ба үндэстний тухай Езекиелийн эш үзүүллэг гэсэн үндсэн 6 хэсэгт хуваан үзэж болно.
Езекиел гүн итгэлтэй, төсөөлөл сайтай хүн байжээ. Түүний ихэнх ойлголт нь үзэгдэл хэлбэрээр ирж дамжуулсан санаанууд нь бэлгэдлийн чанартай хурц үйлдлүүдээр илэрсэн байдаг. Энэ номд сүнс сэтгэлийн дотоод шинэчлэлийн хэрэгцээ болон хүн бүр гэмийнхээ төлөөсийг үүрнэ гэдгийг онцолдог. Мөн эл үндэстний шинэ амьдралын тухай тунхаглал ч бий. Езекиел нь тахилч, эш үзүүлэгч хүний хувьд ЭЗЭНий өргөөг мөн ариун байхуйг ихэд чухалчилдаг хүн байжээ.

ЭЗЭНий цог жавхлан

1 1 Гуч дахь оныхоо дөрөвдүгээр сарын тавны өдөр намайг Хебар голын дэргэд цөлөгдөгсдийн дунд байхад тэнгэр нээгдэж, би Бурханы үзэгдлүүдийг үзэв. (Иехоиахин хааны цөллөгийн тавдугаар он байв.) Тэр сарын таванд 3 халдеичуудын нутгийн Хебар голын дэргэд Бузын хөвгүүн, тахилч Езекиелд ЭЗЭНий үг тодорхойгоор иржээ. Тэнд ЭЗЭНий мутар түүний дээр ирэв. 4 Харагтун, умардаас салхи шуурга, үргэлжлэн цацарч гялбах галтай асар том үүл ирэхийг би харлаа. Түүнийг нь тойрон хурц гэрэл, галын голд нь улайссан төмөр мэт зүйл байв. Түүн дотор дөрвөн амьд биет үзэгдлээ. Дүр төрх нь хүмүүн мэт боловч тэд тусбүрдээ дөрөв дөрвөн нүүр, дөрөв дөрвөн далавчтай аж. 7 Хөл нь цэх, хөлийн ул нь тугалын туруу мэт агаад өнгөлсөн хүрэл адил гялалзаж байв. 8 Далавчнуудынх нь доор, дөрвөн талд нь хүний гар байв. Тэр дөрвийн нүүр, далавчнуудын хувьд, далавчнууд нь хоорондоо шүргэн, хөдлөх үед нүүрнүүд нь эс эргэнэ. Бүгд чигээрээ урагшилж байлаа.

 10 Нүүрнүүдийнх нь дүрс болбоос тусбүр хүний нүүртэй, дөрвүүлээ баруун талдаа арслангийн нүүртэй, зүүн талдаа бухын нүүртэй мөн дөрвүүлээ бүргэдийн нүүртэй байлаа. 11 Нүүрнүүд нь тийм байв. Далавчнууд нь дээгүүр дэлгэгдсэн агаад тусбүр нь нөгөөхөө шүргэсэн хоёр, биеэ бүрхсэн хоёр далавчтай байв. 12 Тэд тусбүр чигээрээ явж байлаа. Сүнс хааш явах гэнэ тэд явж, явах үедээ эс эргэнэ. 13 Амьд биетүүдийн голд, галд шатаж буй нүүрс мэт, амьд биетүүдийн дунд нааш цааш хөдөлж буй бамбарууд мэт харагдах нэг юм байв. Гал нь гэрэлтэй бөгөөд тэр галаас аянга гялбаж байлаа. 14 Амьд биетүүд аянгын гялбаа мэт нааш цааш цахилж байлаа.

 15 Намайг амьд биетүүдийг харж байхад үзэгтүн, тэр дөрвөн амьд биетийн дэргэд, тусбүр дөрвүүлэнд нь зориулагдсан нэг нэг дугуй газар дээр байв. 16 Дугуйнуудын гадна төрх, хийц нь гялалзсан биндэрьяа мэт, тэд дөрвүүл адил хэлбэртэй байв. Тэдний гаднах төрх, хийц гэвэл нэг дугуй нөгөө дугуйны дотор байгаа мэт байв. 17 Тэд хөдлөх бүрдээ дөрвөн зүгийнхээ аль нэг уруу чиглэн явж, явах үедээ эс эргэнэ. 18 Мөөрнүүд нь сүрлэг болоод аймшигтай, тэр дөрвөн дугуйн мөөрнүүдийг тойрон дүүрэн нүд байлаа. 19 Амьд биетүүд хөдлөх бүрд дугуйнууд тэдэнтэй хамт хөдөлж мөн амьд биетүүд газраас дээш өргөгдөх бүрд дугуйнууд ч бас өргөгддөг байв. 20 Сүнс хаашаа явах гэнэ, тэд Сүнсний явсан тийш явж, дугуйнууд нь тэдэнтэй цуг өргөгдөв. Учир нь амьд биетүүдийн сүнс дугуйнууд дотор ажээ. 21 Тэдгээрийг явахад эдгээр нь ч явж, тэдгээрийг зогсоход эдгээр нь зогсох ажээ. Амьд биетүүдийг газраас өргөгдөхөд дугуйнууд тэдэнтэй цуг өргөгдөнө. Учир нь амьд биетүүдийн сүнс нь дугуйнууд дотор аж. 22 Амьд биетүүдийн толгой дээгүүр нь огторгуйн мандал мэт, сүрдмээр болор мэт нэгэн зүйл тэдний толгой дээрээс дэлгэгдсэн байв. 23 Мөнхүү огторгуйн мандал дор далавчууд нь нэг нь нөгөөгийнхөө зүгт, шулуухан сунгагдсан байв. Тусбүр нь биеийнхээ нэг ба нөгөө талд биеэ бүтээсэн хоёр далавчтай байв. 24 Тэднийг явах үед их усны шуугиан мэт Төгс Хүчит Нэгэний дуу адил далавчуудынх нь чимээг буюу хуарангийн чимээ мэт хөл үймээний чимээг би сонсов. Тэд зогсохдоо далавчуудаа буулгаж байв. 25 Тэдний толгой дээрх мөнөөх огторгуйн мандал дээрээс дуу гарлаа. Тэд зогсох бүрдээ далавчуудаа буулгаж байлаа. 26 Тэдний толгой дээгүүрх мөнөөх огторгуйн мандлын дээд талд гадна төрхөөрөө индранил чулуун сэнтийтэй төстэй нэгэн юм байжээ. Сэнтийтэй төстэй уг юмны дээр өндөрт хүний төрхтэй дүрс байв. 27 Тэгээд би харвал, түүний ууцнаас дээших төрхнөөс нь дотроо мөн эргэн тойрондоо гал мэт харагдах улайссан төмөр мэт юм байх агаад түүний ууц ба түүнээс дооших төрхнөөс нь гал мэт юм бас үзэгдэн түүний эргэн тойронд туяа байв. 28 Эргэн тойрны туяа нь бороотой өдрийн үүлэн дэх солонго адил байлаа. Үзэгдэх төрх нь ЭЗЭНий цог жавхлантэй адил байв. Би түүнийг хармагцаа нүүрээрээ унаад, айлдагч нэгний дууг сонсов.