Иаковын захидал нь харь газар тархсан, Бурханы хүмүүст хандсан, амьдралд хэрэгжүүлэх зааварчилгааны цомог юм. Христэч хандлага ба зан аягт чиглэсэн эгэл ухаан, удирдамж бүхий энэхүү заавартаа ярианы тодорхой хэд хэдэн хэлбэрийг бичигч маань ашиглажээ. Тэрээр баян ба ядуу, уруу татлага, сайхан зан чанар, мухар сүсэг, итгэл ба үйлс, үг хэлээ захирах, мэргэн ухаан, хэрүүл тэмцэл, бардамнал ба даруу зан, бусдыг шүүх, онгирон сагсуурах, тэвчээртэй байх болон залбирал гэхчлэн өргөн сэдвийг хөндөж, энэ бүхэнд христэч ёсны үүднээс хэрхэн хандах талаар бичсэн байна. Захидалд мөн Христитгэлт амьдралдаа үйлс бүхий итгэлийг хэрэгжүүлэхийн чухлыг онцолсон байдаг.

Мэндчилгээ 

  1 1 Бурханы ба Эзэн Есүс Христийн зарц Иаков би харьд тархсан арван хоёр овогт мэндчилж байна.

Итгэл ба мэргэн ухаан

  2 Ах дүү нар минь, элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз. 3 Итгэлийн чинь шалгуур хатуужилд хүргэдгийг та нар мэдэх билээ. 4 Хатуужил нь төгс үйл байг. Тэгвэл та нар төгс, бүтэн юугаар ч дутахгүй байна. 5 Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно. 6 Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн бол салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ. 7 Тийм хүн Эзэнээс юм авна гэж бүү санаг. 8 Хоёр санаатан нь бүх үйлдээ тогтворгүй байдаг юм.

Баячууд ба ядуурал

  9 Харин эгэл дорд ах дүү нь өргөмжлөлдөө, 10 баян хүн дордохуйдаа сайрхаг. Учир нь тэр өвс ногооны цэцэг мэт өнгөрнө. 11 Нар аагим халуунаар төөнөн гарч өвсийг гандаахад цэцэг нь унаж, гоё сайхан байдал нь устдаг. Үүний адил баян хүн ч замдаа тийнхүү үрэгдэх болно.

Сорилт ба уруу татлага

  12 Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр шалгуулчихаад, Өөрийг нь хайрлагсдад Эзэний амласан амийн титмийг хүлээн авна. 13 Хэн нь ч уруу татагдахдаа “Бурхан намайг уруу татаж байна” гэж бүү яриг. Учир нь Бурхан муу муухайд уруу татагддаггүй бас Өөрөө хэнийг ч уруу татдаггүй. 14 Харин тачаалдаа автаж, татагдахдаа хүн бүр уруу татагддаг. 15 Тэгээд тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг. Нүгэл нь гүйцэд болохоороо үхлийг гаргадаг аж. 16 Хайрт ах дүү нар минь, бүү мэхлэгдэгтүн. 17 Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч, өөрчлөгдөх сүүдэр ч үгүй. 18 Тэр хүслээрээ биднийг үнэний үгээр төрүүлэв. Ингэснээр бид Түүний бүтээлүүдийн анхны үр жимс нь болох юм.

Сонсох ба үйлдэх

   19 Хайрт ах дүү нар минь, үүнийг мэдэгтүн. Хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэнд хойрго байг. 20 Учир нь хүний уур хилэн Бурханы зөвт байдлыг биелүүлдэггүй юм. 21 Тиймээс та нар бүх бузар байдал, хорон санааныхаа хамаг л үлдэгдлийг хаяж, дотор чинь суулгагдсан, сэтгэлийг чинь аврах чадалтай үгийг дөлгөөхнөөр хүлээж авагтун. 22 Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид байг. 23 Учир нь сонсоод эс үйлдэгч нь төрөлх царайгаа толинд харж байгаа бөгөөд 24 тэрээр өөрийгөө хараад, эргэхдээ ямар байснаа даруй мартдаг хүнтэй адил юм. 25 Харин мартамхай сонсогч бус, хэрэгжүүлэгч байж, эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үзэн, түүгээр байдаг нь үйлсдээ ерөөгдөх болно. 26 Хэн нэгэн нь өөрийгөө сүсэгтэй хэмээн боддог хэдий ч хэл амаа хазаарладаггүй бол зүрхээ хуурч буй бөгөөд сүсэглэл нь ашиггүй ажээ. 27 Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр бөгөөд бузартаагүй сүсэглэл бол өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг зүдрэхэд нь эргэж тойрон, өөрийгөө ертөнцөөс бохирдуулалгүй хамгаалах нь ажгуу.