Эш үзүүлэгч Хабаккукийн үгс нь МЭӨ 7-р зууны сүүл үед хамаарах бөгөөд энэ цаг үед вавилончууд буюу халдеичууд хүчирхэг байлаа. Тэдний хэрцгийлэлд Хабаккук туйлаас зовон гунихарч, ЭЗЭНд хандан, яагаад зөвт хүмүүс нь сүйрч байхад дуугүй байгааг асуусан (1:13) байдаг бөгөөд товлосон цагтаа ажилаа хийнэ гэсэн ЭЗЭНий хариулт 2:4-р эшлэлд гардаг юм.
 Номын үлдсэн бүлгүүдэд буруут хүмүүс дээр буух гай зовлонгийн тухай зөгнөл, Бурханы аугааг магтсан дуулал, бичигч эрхмийн мөхөшгүй итгэлийн илэрхийлэл бүгд багтсан байна.

1 Эш үзүүлэгч Хабаккукийн үзсэн зөн.

Эш үзүүлэгчийн гомдол

ЭЗЭН, би хэдий болтол тусламж

 хүсэн дуудаж,

Та хэдий болтол сонсохгүй байх

 юм бэ?

Би Тан уруу “Хүчирхийлэл!”

 хэмээн ориловч,

Та аврахгүй юм.

Ямар учраас Та надад

 ёс бусыг харуулж,

Юунд бузар мууг үзүүлнэ вэ?

Тийм ээ, сүйрэл болон хүчирхийлэл

 өмнө минь болж,

Эвдрэлцэл гарч, тэмцэл өрнөж

 байна.

Тиймээс хууль нь үл тоогдож,

Шударга ёс нь огт мөрдөгдсөнгүй.

Учир нь буруу хүмүүс

 зөвтүүдийг бүсэлдэг тул

Шударга ёс гаждаг юм.

Үндэстнүүдийн дунд хар!

Ажиглацгаа! Алмайр! Гайхагтун!

Учир нь та нар сонссон ч

 итгэж чадахааргүй нэгэн

 зүйлийг

Би та нарын өдрүүдэд хийж байна.

Үзэгтүн, догшин,

 шаламгай үндэстэн болох

 халдеичуудыг

Би босгож байна.

Тэд өөрсдийн бус газрыг эзэгнэхээр

Дэлхийн энгээр жагсан

 урагшилдаг.

Тэд сүрдмээр, аймшигтай

Тэдний шударга ёс ба эрх мэдэл

Өөрсдөөс нь үүссэн билээ.

Тэдний хөлгүүд нь ирвэснээс ч

 хурдан,

Үдэш гардаг чононуудаас ч гярхай.

Тэдний морьтонгууд тэртээх

 алсаас давхин ирнэ.

Тэд залгихаар дайрах бүргэд мэт

 элин халина.

Тэд бүгдээрээ хүчирхийлэхээр

 ирнэ.

Тоо томшгүй тэдний нүүр

 урагшлах бөгөөд

Олзлогдогсдыг тэд элс мэт хураана.

10 Тэд хаадыг дооглон,

Захирагчдаар тоглоомын бай

 хийнэ.

Тэд бэхлэлт бүрийг шоолон,

Тэдгээрийг эзлэхээр бул чулуу

 овоолно.

11 Тэр хүмүүс салхи мэт хийсэн,

 өнгөрч одно.

Харин өөрсдийн хүч чадалаа

Өөрсдийн бурхан хэмээн

 бардамнагч тэд

Гэм буруутайд тооцогдоно.

12 Миний Ариун Нэгэн, ЭЗЭН,

 Бурхан минь,

Та өнө мөнхөөс байсан бус уу?

Бид үхэхгүй.

ЭЗЭН, Та шүүлтийн төлөө

 тэднийг томилсон билээ.

Хад минь, Та засан залруулахын

 тулд

Тэднийг тогтоон тавьсан.

13 Таны мэлмий муу муухайг

 зөвшөөрч чадахааргүй

 дэндүү ариун юм.

Бузар харгис явдлыг Та

 таашаан харж чадахгүй билээ.

Яагаад Та хар санаагаар үйлдэгчдийг

 таашаан харна вэ?

Өөрсдөөс нь илүү зөвтийг

Буруутууд залгиж байхад

Юунд Та анир чимээгүй байна вэ?

14 Яагаад Та хүмүүсийг тэнгисийн

загас мэт,

Дээрээ захирагчгүй мөлхөгч

 амьтад мэт

 бүтээсэн юм бэ?

15 Халдеичууд тэднийг бүгдийг нь

Дэгээгээр гохдон татаж,

Тороороо шүүрдэн барьж,

Загасчилдаг торондоо

 цуглуулмуй.

Тэгээд тэд баярлалдан хөөрцөглөж

 байна.

16 Тийм учраас тэд өөрсдийн торонд

 тахил өргөж,

Загасчилдаг торондоо зориулан

 утлага уугиулдаг.

Учир нь тэдний олз омог нь

Эдгээр юмсаар арвин бөгөөд

Хоол хүнс нь элбэг дэлбэг байдаг

юм.

17 Тэд тороо хоосолж,

Үндэстнүүдийг хэлтрүүлэлгүй

 хядсаар л байх юм гэж үү?