ДУУЛАЛ 38

Эдгэрлийн төлөө гэмшлийн гуйлт
Санамж өргөлд зориулсан Давидын дуулал.

38 1 ЭЗЭН, хилэн дотроо
Намайг бүү зэмлээч,
Шатаж буй уурандаа
Намайг бүү гэсгээгээч!
2 Учир нь Таны сум

 намайг нэвт сүлбэж,
Таны мутар намайг доош даржээ.
3 Таны хилэгнэлээс болж
Биед минь эрүүл газар үгүй
Нүглээс минь болж
Ясанд минь амар үгүй.
4 Учир нь миний хилэнц
Толгойноос минь давжээ
Хүнд ачаа мэт тэд
Надад дэндүү хүнд.
5 Миний мунхгаас болж
Шархнууд минь хувилж,
Муухай үнэр ханхлуулна
6 Би бөхийж, ихэд бэгцийжээ.
Бүх л өдрийн турш
Би гашуудан явнам.
7 Ууц нуруу минь халуу шатаж,
Махбодод минь эрүүл газар

 гэж үгүй
8 Би доройтож, бүр зүдэрлээ.
Зүрхнийхээ шаналлаас болж

 би бархирдаг.
9 Эзэн, бүх хүсэл минь
Таны өмнө байна
Санаа алдах дуу минь
Танаас нууцлагдаагүй.
10 Зүрх минь давчдаж,
чадал минь алдарч
Нүдний минь гал ч бөхжээ.
11 Миний хайртай хүмүүс,
Найз нөхөд минь
Миний гамшгаас зугтана.
Хамаатан садангууд минь ч

 холуур зогсоно.
12 Миний амийг эрэгчид урхи тавина.
Намайг шархлуулахыг хүсэгчид
Хорлолын тухай ярилцаж,
Өдөржингөө заль мэхийг сэднэ.
13 Харин би дүлий хүн шиг үл

 сонсоно.
Амаа эс нээх хэлгүй хүн шиг байна.
14 Тийм ээ, би огт сонсдоггүй,
Амандаа зэмлэлгүй хүн мэт байна.
15 Учир нь, ЭЗЭН, би Танд найддаг
Бурхан ЭЗЭН минь,
Та хариулах болно
16 Учир нь би
“Хөл алдах үед минь
Өөрсдийгөө миний эсрэг дөвийлгөх тэд
Надаас болж бүү баярлаг” гэж хэлсэн
17 Учир нь би бүдрэхгүй бэлэн хийгээд
Өвчин шаналал минь үргэлж миний өмнө байна.
18 Би хилэнцээ улайдаг Нүглээсээ болж би зовнидог.
19 Харин бужигнасан дайснууд минь хүчтэй агаад
Намайг утга учиргүйгээр үзэн ядагчид олон.
20 Би сайныг дагадаг тул
Сайныг муугаар хариулагчид
Надад дайсагнана.
21 ЭЗЭН, намайг бүү орхиоч,
Бурхан минь ээ, надаас
Бүү хол байгаач!
22 Миний аврал Эзэн,
Надад туслахаар хурдлаач!