Есүс Христийг “… хүмүүн биеийг олж бидний дунд амьдарсан” Бурханы Үг хэмээн энэхүү сайнмэдээнд элч Иохан илэрхийлжээ. (1:14) Мөн “Есүс бол амлагдсан Аврагч, Бурханы Хүү мөн гэдэгт итгүүлэхийн тулд энэ сайнмэдээ бичигдсэн бөгөөд Түүнд итгэснээр хүмүүс амьтай болох юм” хэмээн энэ ном өгүүлдэг юм. (20:31) Бурханы мөнхийн Үг гэж Есүсийг тодорхойлсон оршил хэсгийн араас Есүс Христ бол амлагдсан Аврагч мөн Бурханы Хүү гэдгийг батлан харуулсан олон янзын гайхамшиг номын эхний бүлгүүдэд багтсан байдаг агаад эдгээр гайхамшиг юуг илчилж буйг тайлбарласан байна. Зарим хүн Есүст итгэн, дагалдагч нь болж байхад зарим нь Есүсийг эсэргүүцэн, итгэхээс татгалзаж байгаа тухай ч бас номын энэ хэсэгт гардаг.
Есүс баривчлагдах үдшээ дагалдагчидтайгаа ихэд аминчлан байж, ирэх үйл явдалд тэднийг бэлтгэн зоригжуулсан үгсийг хэлсэн бас ямар дотно нөхөрлөж байсныг нь энэ номын 13–17-р бүлэгт дэлгэрэнгүй өгүүлжээ. Харин сүүлчийн бүлгүүдэд Есүсийг баривчилсан, шүүсэн мөн цовдолсон тухай болоод улмаар Есүс амиллынхаа дараа дагалдагч нартаа харагдсан тухай өгүүлжээ.
“Завхайрч байгаад баригдсан эмэгтэйн тухай” (8:1–11) хэсгийг олон гар бичмэл болон эртний орчуулгуудад орхих юмуу өөр хэсэгт оруулсан байдаг учраас хаалтанд оруулж тэмдэглэсэн байдаг.
Энэ номд, Христээр дамжин мөнх амийн бэлэг ирснийг болон чухам зам, үнэн, амь бол Есүс мөн хэмээн хүлээн зөвшөөрсөн хэн бүхэнд эл бэлэг өгөгдөнө гэдгийг Иохан онцлон тэмдэглэжээ. Иоханы дүрслэлийн онцлог нь ус, талх, гэрэл, хоньчин ба хоньд, усан үзмийн мод ба жимс нь гэх мэт амьдрал ахуйд байдаг эгэл юмсаар сүнслэг оршихуйг бэлгэдсэнд оршино.

Үг нь махбод болов

1 1 Эхэнд Үг байсан ба Үг Бурхантай хамт байсан агаад Үг нь Бурхан байв. 2 Тэрбээр эхэнд Бурхантай хамт байсан. 3 Бүх юм Түүгээр буй болсон. Буй болсон юмсаас Түүнгүйгээр буй болсон юмс гэж нэг ч үгүй. 4 Түүнд амь байсан ба амь нь хүмүүний гэрэл байв. 5 Гэрэл харанхуйг гийгүүлдэг агаад түүнийг харанхуй дийлээгүй юм. 6 Бурханаас илгээгдсэн Иохан гэгч хүн байжээ. 7 Тэрээр мөнөөх гэрлийг гэрчлэх гэрчлэлийн төлөө ирсэн нь түүгээр дамжин бүгд итгэхийн тулд байлаа. 8 Тэрээр өнөөх гэрэл байсангүй, харин тэрхүү гэрлийн тухай гэрчлэхээр иржээ. 9 Ертөнцөд ирж хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв. 10 Тэрээр ертөнцөд байсан ба ертөнц нь Түүгээр буй болсон атлаа ертөнц Түүнийгээ эс танив. 11 Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнхөн нь Түүнийг эс хүлээн авчээ. 12 Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө. 13 Тэд цусаар биш, махбодын хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төржээ. 14 Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм. 15 Иохан Түүний тухай гэрчлэн хашхирч

—“Миний араас Ирэгч нь миний өмнөх болсон. Учир нь Тэр надаас урьд оршин байсан” гэж би Түүний тухай хэлсэн юм гэлээ. 16 Түүний дүүрнээс нь бид бүгдээрээ нигүүлсэл дээрээ нигүүлслийг хүлээн авсан. 17 Учир нь хууль Мосегоор өгөгдсөн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр ирсэн билээ. 18 Бурханыг хэн ч хэзээ ч хараагүй. Харин Эцэгийн өвөр дэх цор ганц Төрөгч болох Бурхан нь Түүнийг таниулсан юм.

Баптисч Иоханы гэрчлэл
(Мт 3:1–12; Мк 1:1–8; Лк 3:1–18)

19 “Та хэн бэ?” гэж Иоханаас асуулгахаар иудейчүүд, тахилч нар болон левичүүдийг Иерусалимаас илгээхэд
түүний гэрчлэл ийм байлаа. 20 Тэр эс үгүйсгэн хүлээн зөвшөөрч

—Би Христ биш гэж хүлээв. 21 Тэд түүнээс
—Тэгвэл хэн юм бэ? Та Елиа юм уу? гэж асуухад тэр
—Би биш гэсэнд
—Та өнөөх Эш үзүүлэгч үү? гэхэд тэр
—Үгүй гэлээ. 22 Тэгтэл тэд түүнд
—Та хэн бэ? Биднийг явуулагсдад бид хариу өгөх учиртай. Та өөрийнхөө тухай юу хэлэх вэ? гэв. 23 Иохан
—Эш үзүүлэгч Исаиагийн айлдсан “Эзэний замыг шулуун болгогтун” гэж цөлд хашхирах дуу бол би билээ
гэж хэлэв. 24 Фарисайчуудын илгээсэн хүмүүс бас байлаа. 25 Тэд түүнээс
—Та Христ биш, Елиа ч биш, өнөөх эш үзүүлэгч ч биш юм бол яагаад баптисм хүртээнэ вэ? гэж асуусанд 26 Иохан
—Би усаар баптисм хүртээдэг. Харин та нарын үл таних Нэгэн дунд чинь зогсож байна. 27 Миний араас ирэгч нь Тэр бөгөөд би Түүний шаахайн үдээсийг ч тайлах үнэ хүндгүй гэв. 28 Энэ явдал Иоханы баптисм хүртээж байсан Иордан голын чанад Бетанд болсон юм. Бурханы Хурга 29 Дараа өдөр нь Иохан, өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад,
—Харагтун! Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга. 30 Энэ бол Түүний тухай “Миний араас ирэх Хүн миний өмнөх болсон. Учир нь Тэр надаас урьд оршин байсан” гэж миний хэлсэн Тэр мөн. 31 Би Түүнийг таниагүй. Гэвч Түүнийг Израильд илчлэхийн тулд би усаар баптисм хүртээхээр ирсэн гэв. 32 Иохан гэрчилж
—Сүнс тэнгэрээс тагтаа мэт буун ирж, Түүн дээр тогтохыг би харсан. 33 Би Түүнийг таниагүй. Харин усаар баптисм хүртээлгэхээр намайг илгээсэн Тэр “Хэний дээр Сүнс тагтаа мэт буун ирж тогтохыг чи
харна, Тэр бол Сүнсээр баптисм хүртээгч мөн” гэж надад айлдсан юм. 34 Би харсан. Энэ бол Бурханы Хүү
мөн гэдгийг гэрчилж байна гэв.

Анхны шавь нар

 35 Дараа өдөр нь Иохан дахиад л шавь нарынхаа хоёртой нь зогсож байлаа. 36 Есүсийн явж байхыг тэр хараад
—Бурханы Хургыг харагтун! гэсэнд 37 хоёр шавь нь түүний хэлэхийг сонсоод, Есүсийг дагав. 38 Есүс эргэж тэдний дагахыг хараад, тэдэнд
—Та нар юу эрнэ вэ? гэсэнд тэд Түүнд
—Рабби, (орчуулбал «Багш аа») Та хаана байгаа вэ? гэв.
39 Есүс тэдэнд
—Ир, та нар харна гэж айлдсанд тэд Түүний байгаа газар очиж үзээд, тэр өдөр Түүнтэй хамт байв. Тэгэхэд
ойролцоогоор аравдугаар цаг болж байлаа. 40 Иоханаас сонсоод Есүсийг дагасан хоёрын нэг нь Симон Петрийн дүү Андрей байжээ. 41 Андрей эхлээд өөрийн ах Симоныг олоод, түүнд
—Бид Мессиаг (грекээр Христ) оллоо гээд, 42 түүнийг Есүс дээр авчрав. Есүс түүнийг хараад, Симонд
—Чи бол Иоханы хүү Симон байна. Чамайг Кеф (орчуулбал «Петр») гэж нэрлэх болно гэлээ.

Филип Натанаел хоёрыг дуудав

 43 Дараа өдөр нь Есүс Галил явахаар завдан байхдаа Филипийг олоод, түүнд
—Намайг дага гэв. 44 Андрей, Симон нарын хот Бетсайдаас Филип иржээ. 45 Натанаелыг Филип олоод
—Мосе хуульдаа бас эш үзүүлэгчдийн бичсэн Нэгэн болох Иосефын хүү, Назарын Есүсийг бид оллоо гэсэнд
46 Натанаел түүнд
—Назараас сайн юм гарч чадна гэж үү? гэхэд нь Филип
—Ирж, хар л даа гэв. 47 Есүс Өөр уруу нь ирж яваа Натанаелыг хараад, түүний тухай
—Харагтун, жинхэнэ израиль, заль мэх гэж түүнд үгүй гэв. 48 Натанаел Есүсээс
—Та намайг яаж мэднэ вэ? гэхэд Тэр
—Филип чамайг дуудахаас өмнө, инжрийн модны доор байхад чинь Би чамайг харсан гэлээ. 49 Натанаел
—Рабби, Та бол Бурханы Хүү. Та бол Израилийн Хаан гэж Түүнд хэлэв. 50 Есүс түүнд хариулан
—Чамайг инжрийн модны доор байхыг чинь харсан гэж Би чамд хэлсэн тул чи итгэж байна уу? Чи үүнээс ч агууг үзэх болно гээд, 51 Тэр
—Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэр нээгдэн, Бурханы тэнгэрэлч нар Хүний Хүүгийн дээр өгсөж
уруудахыг та нар үзэх болно гэж айлдав.