2 Самуел ном нь 1 Самуел номын үргэлжлэл бөгөөд өмнөд Иудагаас эхэлж улмаар хойд Израилийг оруулан бүхэл үндэстнийг дагуулсан Давидын хаанчлалын (5–24-р бүлэг) түүх юм. Энэ бол Давид хаан хэрхэн хаанчлалаа өргөжүүлж, байр сууриа батжуулан дотоод гадаадын дайснуудтайгаа тэмцсэн тухай бодитойгоор дүрсэлсэн баримт мөн. Давидыг Бурханд маш их итгэдэг, бишрэл ихтэй бас ард түмнийхээ сэтгэлийг дагуулж чадсан хүн гэж энд дүрсэлжээ. Гэсэн ч тэрээр бас хааяа хүсэл ашиг сонирхлынхоо төлөө аймшигтай, хайр найргүй нүгэл үйлдсэн хүн гэж харагдана. Гэхдээ ЭЗЭНий эш үзүүлэгч Натан түүний нүглийг асуух үед тэрээр улайж, ЭЗЭНээс ирэх шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн юм.
 Израилийн ард түмэн хожмын хүнд хэцүү цагт сайн хааныг хүсэмжлэх үедээ “Давидын хүү” буюу түүний удмын түүнтэй адилхан нэгнийг хүсэмжилж байсан нь Давидын амьдрал ч, амжилт ч энэ үндэстэнд хүндэтгэл төрүүлж чадсаныг харуулдаг юм.

Давид гашуудав

 1 1 Саулыг өөд болсны дараа Давид амалекчуудыг бут цохиод буцаж ирэхдээ Зиклагт хоёр хоног байв. 2 Харагтун, гурав дахь өдөр нь нэгэн хүн Саулын хуарангаас иржээ. Тэрээр хувцсаа урж, толгой дээрээ тоос шороо цацсан байв. Тэр Давид уруу дөхөн ирээд, газар унаж, мөргөв. 3 Тэгэхэд Давид түүнээс

 —Чи хаанаас ирэв? гэж асуухад тэр Давидад

 —Би Израилийн хуарангаас зугтаж ирлээ гэв. 4 Давид түүнд

 —Юу болов? Надад хэл гэхэд тэр

 —Ард олон тулалдааны талбараас зугтааж бас олон хүн унан үхэв. Саул, түүний хөвгүүн Ионатан нар ч бас үхэв гэлээ. 5 Мэдээ хүргэж ирсэн тэр залууд Давид

 —Саул болон түүний хөвгүүн Ионатан үхсэн гэдгийг чи яаж мэдэв? гэв. 6 Давидад мэдээ хүргэсэн залуу

 —Намайг Гилбоа ууланд санаандгүй очтол, харагтун, Саул жадаа налж байсан бөгөөд тэрэгт цэрэг болон морин цэргүүд цаахна талд нь хариугүй гүйцээд ирсэн. 7 Саул арагшаа эргэж, намайг хараад дуудахад “Би энд байна” гэж би хариулсан юм. 8 Саул надаас “Чи хэн бэ?” гэж асуусанд “Би амалек хүн байна” гэсэн билээ. 9 Саул надад “Над уруу ойртож ирээд, намайг алагтун. Учир нь би тэлчлэн зововч амь минь надаас зуурсаар байна” гэсэн. 10 Тэгэхэд би түүний дэргэд очиж, түүнийг алав. Учир нь тэр нэгэнт унасан хойно, амьд үлдэж чадахгүй гэдгийг би мэдсэн билээ. Би түүний толгойн титэм, гарын бугуйвчийг нь авч ийш эзэндээ авчирлаа гэв.

11 Давид хувцсаа хүү татан урсанд түүний хамт байсан бүх хүн мөн тэгэв. 12 Саул, түүний хөвгүүн Ионатан, ЭЗЭНий хүмүүс буюу Израилийн гэр илдээр цохиулсны төлөө тэд гашуудан уйлж, үдэш болтол мацаг барив. 13 Давид мэдээ хүргэж ирсэн залуугаас

 —Чи хаанахын хүн бэ? гэхэд залуу

 —Би ирмэл хүн болох амалек хүний хүү гэж хариулав. 14 Тэгэхэд Давид

 —Чи ЭЗЭНий тосолсон хүнийг алахаар гар сунгахаас юунд эмээсэнгүй вэ? гэв. 15 Давид залуу эрсийн нэгийг дуудан

 —Очоод түүнд халдагтун гэсэнд тэрээр түүнийг цохиж алав. 16 Давид түүнд

 —“ЭЗЭНий тосолсон хүнийг би алав” гэж ам чинь чамайг гэрчилсэн тул чиний цус толгой дээр чинь бууг гэж хэлэв. 17 Дараа нь Саул түүний хөвгүүн Ионатан нарын төлөө Давид энэхүү гашуудлын дууг дуулж, 18 (тэрээр энэхүү нумын дууг Иудагийн хөвгүүдэд сургахыг тэдэнд тушаав. Харагтун, энэ нь Иашарын номд бичигдсэн ажээ.)

 19 Алдартнууд чинь

 өндөрлөгүүд дээр чинь

Алуулан хэвтэж байна,

 Израиль аа!

 Хүчтэнүүд чинь яахин цохигдов!

 20 Эл явдлыг Гатад бүү мэдээл,

 Ашкелоны гудамжинд ч

 бүү тунхаглуул.

 Эс бөгөөс филистчүүдийн охидыг

 баярлуулах гэж үү,

 Хозлуулаагүйчүүдийн охидыг

 хөөргөх гэж үү.

 21 Өө, Гилбоагийн уулс аа,

 Та нарын дээр шүүдэр бүү унаг,

 бороо бүү орог.

 Талбай дүүрэн анхны үр жимсэн

 өргөл ч бүү байг.

 Учир нь тэнд баатруудын бамбай

 бузартан Саулын бамбай эс тослогдов.

 22 Нэвт харвуулагсдын цусгүйгээр

 бас баатруудын өөхгүйгээр

 Ионатаны нум нэгээхэн ч

 эргэж ирээгүй билээ.

Саулын илд ч

хоосон буцаагүй билээ.

 23 Хайрт эрхэм Саул Ионатан хоёр

амьддаа ч, үхэхдээ ч эс хагацав.

Тэд бүргэдээс ч хурдан,

арслангаас ч хүчтэй байлаа.

24 Израилийн охид оо,

Та нарыг час улаан

тансаг хувцсаар гоёж,

Өмсгөлийн чинь дээр

алтан чимгийг зүүж өгсөн

Саулын төлөө уйлагтун.

25 Тулалдааны дунд баатрууд

хэрхэн унаа вэ!

Өндөрлөгүүд дээр чинь Ионатан

нэвт харвуулан хэвтэж буй.

26 Ах Ионатан минь, таны төлөө би

зовон шаналж байна.

Та намайг бүхнээс илүү

хайрладаг байлаа.

Таны хайр надад бүсгүйн хайраас

илүү гайхамшигтай байв.

27 Юуны учир баатрууд унаж,

тулааны зэвсэг мөхнө вэ!