Шастирын номуудын үргэлжлэл болсон Езра ном нь Вавилоны олзлолоос буцаж ирсэн хэсэг еврейчүүд Иерусалимд амьдрал, хүндлэл мөргөлөө сэргээсэн тухай үйл явдлыг өгүүлдэг. Үйл явдал дараах дарааллаар өрнөж байна. Үүнд 1) Персийн хаан Корешийн зарлигаар еврейчүүдийн эхний хэсэг буцаж ирсэн нь; 2) ЭЗЭНий өргөөг дахин барьж ЭЗЭНд өргөсөн ба Иерусалим хотноо Бурханд дахин мөргөл өргөж эхэлсэн нь; 3) Израилийн сүнслэг өвийг цааш уламжлуулахаар шашны болон нийгмийн амьдралыг дахин цэгцэлсэн, ЭЗЭНий хуулийн номч Езрагийн удирдлагаар дахиад хэсэг еврейчүүд Иерусалимд ирсэн нь гэсэн үйл явдлууд багтана.

Вавилоны олзлол эцэслэв 

1 1 Иеремиагийн амаар дамжуулсан ЭЗЭНий үг биелэгдэхийн тулд Персийн хаан Корешийн анхдугаар онд Персийн хаан Корешийн сүнсийг ЭЗЭН хөдөлгөв. Тэрээр өөрийн хаанчлал даяар тунхаг илгээсэн бөгөөд бичгээр гаргасан зарлигтаа тунхаглахдаа 2 “Персийн хаан Кореш ийнхүү айлдаж байна. «Тэнгэрийн Бурхан ЭЗЭН, надад дэлхийн бүх хаанчлалыг өгсөн билээ. Одоо Тэрээр надад Иуда дахь Иерусалимд Өөрт нь зориулан өргөө барихыг даалгав. 3 Бурханы ард түмнээс та нарын дунд буй хэнтэй нь ч тэр, Бурхан хамт байг! Тэд Иуда дахь Иерусалим уруу явж, Израилийн Бурхан, ЭЗЭНий өргөөг дахин бариг. Тэр бол Иерусалимд байдаг Бурхан мөн. 4 Иерусалим дахь Бурханы өргөөнд зориулах сайн дурын өргөл бас мөнгө, алт, эд бараа, мал сүргээр Түүний амьд үлдсэн бүх хүнийг хаа байгаа газрынх нь хүмүүс тэтгэх болтугай»” гэв.

 5 Тэгэхэд Иуда болон Бениамины эцгүүдийн бүлийн тэргүүнүүд, тахилч нар ба левичүүд бас Иерусалим дахь ЭЗЭНий өргөөг барихын тулд явуулахаар Бурханаас сүнсийг нь хөдөлгөсөн хүн бүр босоцгоов. 6 Тэдний бүх хөрш сайн дурын бүх өргөлөөс гадна мөнгөн эд зүйлс, алт, эд бараа, мал сүрэг болон үнэт зүйлсийг дэмжлэг болгон тэдэнд гардуулав. 7 Мөн Иерусалимаас Небухаднезарын авч одоод өөрийн бурхдын гэрт өгсөн байсан, ЭЗЭНий өргөөний эд юмсыг Кореш хаан гаргаж ирэв. 8 Персийн хаан Кореш тэдгээр эд юмсыг эрдэнэсийн нярав Митредатын хамгаалалтад авчирлаа. Тэрээр Иудагийн ноён Шешбазарт тоогоор нь өгөв. 9 Тэдгээрийн тоо гучин алтан таваг, мянган мөнгөн таваг, хорин есөн хутга, 10 гучин алтан аяга, дөрвөн зуун арван мөнгөн аяга болон хоёрдугаар зэргийн бусад эд юмс нэг мянга байв. 11 Бүх алт, мөнгөн эд юмс таван мянга дөрвөн зуу байв. Цөлөгдөгсдийг Вавилоноос Иерусалим уруу авчрахдаа Шешбазар энэ бүгдийг хамт аваачив.