Израильчууд Синаи уулыг орхиж, Бурханы амласан нутгийн зүүн хязгаар хүртэл явсан 40 орчим жилийн үйл явдлыг энэ номд өгүүлдэг. Номын нэр өөрөө Синаи уулаас хөдлөхийн өмнө Мосе израильчуудыг тоолсон тухай болон хожим дахин Моабын нутаг, Иордан голын зүүн эрэгт дараа үеийнхнийг нь тоолсон тухай түүхэн өгүүлэмжийг илэрхийлж байгаа юм. Хоёр тооллогын хоорондох хугацаанд израильчууд Канаан нутгийн өмнөд хил Кадеш Барнеад очсон боловч амлагдсан газарт орж чадаагүй билээ. Тэд тэр газарт олон жилийг өнгөрүүлсний дараа Иордан голын зүүн бүсэд очиж, хэсэг нь тэндээ үлдэн бусад нь Канаан нутагт орохоор Иордан голыг гаталсан юм.
Энэ бол хүнд бэрхтэй нүүр тулахаас айн байнга зүрх алдаж улмаар Бурханыг болон удирдагчаар томилогдсон Мосег эсэргүүцэж байсан хүмүүсийн тухай, ард түмэн нь хулчгар дуулгаваргүй байсан ч байнга халамжаа зориулсан Бурханы итгэмжийн тухай, заримдаа тэвчээр алдаж байсан ч Бурханд бас хүмүүст өөрийгөө зориулах сэтгэлээр тууштай зүтгэсэн Мосегийн тухай түүх юм.

Израилийн анхны тооллого

1 1 Тэднийг Египет нутгаас гарснаас хойш хоёр дахь жилийн хоёрдугаар сарын нэгэнд Синаин цөлд, уулзалтын майхан дотор ЭЗЭН, Мосед айлдаж

2 Израилийн хөвгүүдийн даяар хотол түмний тооллогыг хийж, тэдний ургуудаар, эцгүүдийнх нь бүлээр, нэр нэрээр нь эр хүйстэн бүрийг толгой дараалан тоол. 3 Дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны, Израиль дахь хүн бүрийг Аарон та хоёр дайчдын бүлэглэлээр нь тоол. 4 Та нартай хамт овог бүрээс өөрийн эцгийн бүлийн тэргүүн болох нэг нэг хүн байх ёстой. 5 Та нартай хамт байх хүмүүсийн нэрс бол Реубенийнхнээс Шедеурын хүү Елизур, 6 Симеонынхноос Зуришаддаин хүү Шелумиел, 7 Иудагийнхнаас Амминадабын хүү Нахшон, 8 Иссахарынхнаас Зуарын хүү Нетанел, 9 Зебулунынхнаас Хелоны хүү Елиаб, 10 Иосефын хөвгүүд, Ефраимынхнаас Аммихудын хүү Елишама, Манассегийнхнаас Педахзурын хүү Гамалиел, 11 Бениаминынхнаас Гидеоны хүү Абидан, 12 Данынхнаас Аммишаддаин хүү Ахиезер, 13 Ашерынхнаас Охраны хүү Пагиел, 14 Гадынхнаас Деуелийн хүү Елиасаф, 15 Нафталийнхнаас Енаны хүү Ахира нар болой. 16 Эд хотол түмнээс дуудагдсан хүмүүс бөгөөд эцгүүдийнхээ овгийн удирдагчид, Израилийн мянгатын тэргүүн нар билээ гэв.

     17 Тийнхүү нэрээрээ дурдагдсан энэ хүмүүсийг Мосе, Аарон нар авч, 18 хоёрдугаар сарын нэгэнд даяар хотол түмнийг бүхэлд нь цуглуулж, хорь ба түүнээс дээш насны эрчүүдийг ураг, эцгүүдийнх нь бүл, нэр нэрээр нь толгой дараалан удам угсаагаар бүртгэв. 19 Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэр тэднийг Синаин цөлд тоолов.

   20 Израилийн ууган хүү Реубений хөвгүүд өөрсдийн уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 21 Реубен овгоос тоолуулсан эрс дөчин зургаан мянга таван зуу байлаа.

   22 Симеоны хөвгүүд өөрсдийн уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 23 Симеон овгоос тоолуулсан эрс тавин есөн мянга гурван зуу байлаа.

  24 Гадын хөвгүүд өөрсдийн уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 25 Гад овгоос тоолуулсан эрс дөчин таван мянга зургаан зуун тавь байлаа.

  26 Иудагийн хөвгүүд өөрсдийн уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 27 Иуда овгоос тоолуулсан эрс далан дөрвөн мянга зургаан зуу байлаа.

  28 Иссахарын хөвгүүд өөрсдийн уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 29 Иссахар овгоос тоолуулсан эрс тавин дөрвөн мянга дөрвөн зуу байлаа.

   30 Зебулуны хөвгүүд өөрсдийн уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 31 Зебулун овгоос тоолуулсан эрс тавин долоон мянга дөрвөн зуу байлаа.

  32 Иосефын хөвгүүдээс, Ефраимын хөвгүүд уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 33 Ефраим овгоос тоолуулсан эрс дөчин мянга таван зуу байлаа.

  34 Мөн Манассегийн хөвгүүд өөрсдийн уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 35 Манассе овгоос тоолуулсан эрс гучин хоёр мянга хоёр зуу байлаа.

  36 Бениамины хөвгүүд өөрсдийн уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 37 Бениамин овгоос тоолуулсан эрс гучин таван мянга дөрвөн зуу байлаа.

  38 Даны хөвгүүд өөрсдийн уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 39 Дан овгоос тоолуулсан эрс жаран хоёр мянга долоон зуу байлаа.

  40 Ашерын хөвгүүд өөрсдийн уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 41 Ашер овгоос тоолуулсан эрс дөчин нэгэн мянга таван зуу байлаа.

   42 Нафталийн хөвгүүд өөрсдийн уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 43 Нафтали овгоос тоолуулсан эрс тавин гурван мянга дөрвөн зуу байлаа.

  44 Эдгээр нь Мосе, Аарон болон Израилийн удирдагчид, тусбүрдээ эцгийнхээ бүлийг төлөөлсөн арван хоёр хүнээр тоолуулсан хүмүүс ажээ. 45 Ийнхүү Израилийн хөвгүүдээс эцгүүдийнхээ бүлээр тоолуулсан бүхэн нь дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насныхан буюу 46 тоолуулсан эр хүн бүгд зургаан зуун гурван мянга таван зуун тавь байлаа.

 47 Харин тэдний дунд левичүүд эцгүүдийнхээ овгийн дагуу тоолуулсангүй.

 48 Учир нь ЭЗЭН, Мосед

 — 49 Зөвхөн Леви овгийг чи бүү тоол, Израилийн хөвгүүдийн дунд тэдний нийлбэр тоог бүү ав. 50 Харин чи левичүүдэд гэрчлэлийн асар ба түүний бүх хэрэгсэл, түүнд буй бүхнийг хариуцуул. Тэд асар болон түүний хэрэгсэл бүхнийг авч явж, түүн дотор үйлчлэн мөн асрыг тойрон буудаллаж байг. 51 Асрыг нүүлгэх болоход левичүүд түүнийг буулгаж, асрыг буудаллуулах үед тэд түүнийг босгон барих ёстой. Харин ойртож очсон гаднын хүн үхэх ёстой. 52 Израилийн хөвгүүд, хүн бүр хуарангийнхаа дэргэд, тугийнхаа доор дайчдын бүлэглэлээрээ буудаллах ёстой. 53 Харин Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн дээр уур хилэнг байлгахгүйн тулд левичүүд гэрчлэлийн асрыг тойрон буудаллах ёстой. Ийнхүү левичүүд гэрчлэлийн асрын үүргийг сахих болно гэж айлдав. 54 Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд тийнхүү хийв.