Тесалоник бол Ромын харьяат Македони мужийн төв хот юм. Филлиппойгоос явсныхаа дараа Паул тэнд чуулган байгуулсан билээ. Гэвч иудейн шашныг сонирхож байсан тэндхийн еврей бус хүмүүсийн дунд Христийн тухай Паул амжилттай тунхагласан тул еврейчүүдийн дундаас атаархан эсэргүүцэгчид нэн даруй гарч иржээ. Улмаар Паул, Тесалоникийг орхихоос өөр аргагүй болж, Беройг зорьсон юм. Түүнийг Коринт хүрсний дараа хамтран зүтгэгч, дүү Тимот нь Тесалоник дахь чуулганы тухай мэдээ ирүүлсэн бөгөөд тесалоникчуудад бичсэн Паулын эхний захидал нь тэднийг урамшуулан тайтгаруулах зорилготой байжээ.
Захидалдаа тэдний хайр итгэлийн тухай сонссондоо талархсан төдийгүй, Паулыг хамт байхад тэдний амьдрал байдал ямар байсныг давхар сануулсан байдаг. Христийг ирэхээс өмнө нас барсан итгэгчид Түүнийг дахин ирэхэд гүйцэлдэх мөнх амьдралыг хуваалцаж чадах уу, Христ хэзээ эргэн ирэх вэ? гэхчлэн Христийн дахин ирэх талаар чуулганд дэгдсэн асуултуудад Паул мөн хариу өгөхдөө энэ завшааныг ашиглан тэдэнд Христийн ирэхийг найдвар дор хүлээн, итгэлээр цааш үргэлжлүүлэн явахыг ятгажээ.

Мэндчилгээ 

1 1 Паул болон Силуан, Тимот нараас Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христ доторх тесалоникчуудын чуулганд. Нигүүлсэл ба амар амгалан нь та нарт байх болтугай.

Тесалоникчуудын итгэл ба үлгэр дуурайл

   2 Бид та бүгдийн төлөө Бурханд үргэлж талархахдаа та нарыг залбиралдаа тасралтгүй дурсан, 3 бидний Бурхан бөгөөд Эцэгийн өмнө та нарын итгэлийн үйл, хайрын хөдөлмөр хийгээд Эзэн Есүс Христ дэх найдварын чинь тууштайг байнга санадаг. 4 Бурханаар хайрлагдсан ах дүү нар аа, та нарын сонгогдсоныг бид мэднэ. 5 Учир нь бидний сайнмэдээ та нарт зөвхөн үгээр бус, мөн хүч ба Ариун Сүнс дор бүрэн баталгаагаар очсон. Тэрчлэн бид та нарын төлөө дунд чинь ямар байсныг та нар мэднэ. 6 Та нар үлэмж зовлон дор Ариун Сүнсний баяр хөөртэйгөөр үгийг хүлээж аван биднийг болон Эзэнийг дуурайгчид болсон. 7 Ингэж та нар Македони болон Ахай дахь бүх итгэгчдэд үлгэр дуурайл болов. 8 Учир нь Эзэний үг та нараас зөвхөн Македони болон Ахайд ч сонсогдсон төдийгүй Бурхан дахь итгэл чинь хаа сайгүй түгсэн билээ. Тиймд ямар нэгэн юм ярих хэрэг бидэнд алга. 9 Учир нь тэд өөрсдөө хэрхэн та нарын дунд бид очсон болон амьд бөгөөд үнэн Бурханд үйлчлэхийн тулд та нар хэрхэн шүтээнүүдээсээ Бурхан өөд эргэж, 10 Түүний үхэгсдээс амилуулсан Есүс, ирэх уур хилэнгээс биднийг гэтэлгэх Хүү нь тэнгэрээс ирэхийг хүлээж буй тухай мэдүүлэв.