ДУУЛАЛ 104

Бүтээгч, тэтгэгч Бурхан

104 1 Сэтгэл минь ээ,
ЭЗЭНийг магтагтун.
Миний Бурхан ЭЗЭН,
Та аугаа бөгөөд
Цог жавхлан, сүр хүчээр

 хувцаслажээ.
2 Хувцас адил Та Өөртөө гэрлийг

 өмсөж,
Тэнгэрийг хөшиг мэт татдаг.
3 Тасалгааныхаа тулгуурыг
уснаас дээгүүр тавьж,
Үүлсийг тэргээ болгон хөлөглөөд,
Салхин жигүүрээр Та явдаг.
4 Салхинуудыг элчээ,
Галын дөлийг Та үйлчлэгчээ

 болгодог.
5 Үүрд мөнхөд дайвуулуулахгүйн

 тулд
Дэлхийг суурин дээр нь

 Та тогтоон тавьсан.
6 Хувцсаар халхлахын адил
Та түүнийг

 оёоргүй гүнээр бүрхсэн.
Их ус уулсын дээгүүр байжээ.
7 Зэмлэлээр тань тэд зугтаж,
Аянгын дуунаар тань

 тэд зайлан оддог.
8 Уул өөд өгсөж,
Таны тэдэнд оноосон газар болох
Хөндий талууд уруу

 тэд бууж байна.
9 Газрыг бүрхэхээр тэднийг
Дахин буцаж ирүүлэхгүйн тулд
Та их усны хязгаарыг тогтоожээ.
10 Хөндий уруу Тэрээр
Булгуудыг илгээдэг бөгөөд
Тэдгээр нь уулсын дундуур

 урсжээ.
11 Хээрийн араатан амьтан бүрийг

 ундаалж,
Хулангуудын цангааг ч тайлдаг.
12 Мөчрүүдийн дунд

 дуулан жиргэдэг
Огторгуйн шувууд

 дэргэд нь нутагшдаг.
13 Дээд тасалгаанаасаа
Тэрээр уулсыг усалдаг бөгөөд
Үйлсийнх нь үр жимсэнд
Газар дэлхий ханадаг.
14 Тэрээр мал сүрэгт зориулан

 өвсийг,
Хүний хэрэгцээнд зориулан

 ургамал ногоог ургуулдаг нь
Газар шорооноос хүнсийг
гаргуулахын тулд агаад
15 Хүний зүрхийг баясгах дарсыг,
Нүүрийг өнгөлөх тосыг
Мөн хүний зүрхийг

 тэнхрүүлэх хоолыг

гаргуулахын тулд билээ.
16 Арвин ихээр ундаалагддаг
ЭЗЭНий модод нь
Түүний тарьсан,

 Ливаны хуш модод билээ.
17 Тэнд шувууд үүрээ засдаг агаад
Жодоо моддыг өрөвтас

 оромжоо болгодог.
18 Өндөр уулс янгирт,
Хад цохио доргонд

 хоргодох газар болой.
19 Цаг хугацааг заахаар
Тэрээр сарыг бүтээсэн.
Нар ч шингэх газраа мэднэ.
20 Та харанхуйг томилсонд
Тэр нь шөнө болж,
Тэгэхэд ойн бүх араатан амьтад

 хэсэн явдаг.
21 Залуу арслангууд

 идэшнийхээ хойноос архирч,
Бурханаас хүнсээ гуйдаг.
22 Нар мандахад тэд эргээд цугларч,
Үүрэндээ хэвтдэг.
23 Хүн ажиллахаар,
Үдэш болтол хөдөлмөрлөхөөр

 гардаг.
24 Аяа ЭЗЭН,
Таны үйлс хичнээн их вэ!
Мэргэн ухаанаар Та
Тэр бүхнийг бүтээжээ.
Дэлхий баялгаар тань дүүрэн юм.
25 Агуу, өргөн далай энэ байна.
Тоо томшгүй олон

  мөлхөгчид буюу
Том, жижиг амьтад тэнд бий.
26 Тэнд усан онгоцнууд зөрж явдаг.
Тоглож байхаар Таны бүтээсэн
Левиатан ч бий.
27 Тогтоосон цагт  хүнсийг нь өгөхийг тань
Тэд бүгд хүлээдэг.
28 Та тэдэнд өгвөл тэд түүж авдаг.
Мутраа дэлгэхэд тань
Тэд сайн сайханд ханадаг.
29 Таныг нүүрээ нуухад

 тэд хямардаг

 Амьсгалыг нь авахад тэд үхэж,
Хөрс шороондоо буцдаг.
30 Таныг Сүнсээ илгээхэд тэд

 бүтээгддэг.
Та газрын төрхийг ч шинэчилдэг.
31 ЭЗЭНий алдар мөнхөд байх

 болтугай.
ЭЗЭН үйлс дотроо

 баярлах болтугай.
32 Түүнийг дэлхий уруу харахад

 тэр нь чичирдэг.
Уулсад хүрэхэд нь тэд

 утаа уугиулдаг.
33 Би амьддаа ЭЗЭНд дуулна.
Би байх зуураа Бурханаа магтана.
34 Миний бясалгалууд Түүнд
тааламжтай байх болтугай.
Би ЭЗЭНий дотор баярлах болно.
35 Нүгэлтнүүд газар дэлхийгээс

 ангижирч,
Гэм буруутнууд үгүй болог.
Сэтгэл минь ээ,

 ЭЗЭНийг магтагтун.
ЭЗЭНийг магтагтун.