Хосеа нь МЭӨ 721 онд болсон Самарийн уналтын өмнөх самуун цаг үед эш үзүүлэгч Амосын дараа гарч ирсэн, Хойд Израилийн хаант улсын эш үзүүлэгч билээ. Тэрээр ард түмнийхээ харь шүтээн шүтэж, ЭЗЭН Бурханд итгэлгүй амьдарч буйд туйлаас зовниж байв. Энэ итгэлгүй байдлыг дүрслэн харуулах зорилгоор Хосеа ёсгүй эмтэй зоригтойгоор дэр нэгтгэжээ. Эхнэр Гомер нь түүнд үнэнч байгаагүй шиг энэ ард түмэн бас Бурханаас холдсон тул Израиль дээр шүүлт ирэх боловч Бурханы мөнхийн хайр ард түмнээ эргүүлэн авч, бүх харилцаагаа дахин сэргээнэ гэдгийг ч мөн Хосеа дүрсэлсэн байна. Бурханы энэрэл хайрыг бид 11:8-р эшлэлд хэлсэн ЭЗЭНий үгнээс харж болох юм.

1 1 Иудагийн хаад Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд хийгээд Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд Беерийн хүү Хосеад ирсэн ЭЗЭНий үг энэ билээ.

Хосеагийн гэр бүл

 2 ЭЗЭН анх Хосеагаар дамжуулан айлдах үед Хосеад ЭЗЭН, хэлэхдээ

—Яв, завхай эхнэр авч, завхайрлын хүүхдүүдтэй бол. Учир нь энэ нутаг ЭЗЭНийг орхисноор, үлэмж завхайрлыг үйлдэж байна гэв. 3 Тиймд тэр явж, Диблаимын охин Гомерыг авлаа. Гомер жирэмсэлж түүнд хүү төрүүлжээ. ЭЗЭН, Хосеад

—Түүнийг Иезреел хэмээн нэрлэ. Учир нь Иезреелд урсгасан цусны төлөө удахгүй Би Иехүгийн гэрийг шийтгэж, Израилийн гэрийн хаанчлалыг төгсгөх болно. Тэр өдөр Би Иезреелийн хөндийд Израилийн нумыг хугална гэжээ.

Дараа нь Гомер дахин жирэмслэн охин төрүүлжээ. ЭЗЭН, Хосеад

—Тэр охиныг Ло-рүхама хэмээн нэрлэ. Учир нь Би Израилийн гэрт өршөөлөө цаашид байлгахгүй, тэднээс бүрмөсөн зайлууллаа. Гэвч Би Иудагийн гэрийг өрөвдөн тэднийг Бурхан ЭЗЭНээр нь аварна. Тэднийг нум, илд, тулаан, морьд ба морьтнуудаар аврахгүй хэмээв.

Ло-рүхамаг хөхнөөс гарах үед Гомер бас жирэмслэн хүү төрүүлжээ. ЭЗЭН айлдсан нь

—Түүнийг Ло-амми хэмээн нэрлэ. Учир нь та нар Миний ард түмэн биш, Би ч та нарын Бурхан биш гэв.

Израилийн сэргэлт

 10 Гэсэн ч Израилийн хөвгүүдийн

 тоо

Далайн элс мэт хэмжишгүй агаад

Тоолшгүй байх болно.

“Та нар Миний ард түмэн биш” гэж

Тэдэнд айлдсан газарт тэд

“Та нар амьд Бурханы хөвгүүд”

 гэгдэх болно.

11 Иудагийн хөвгүүд, Израилийн хөвгүүд

 хамтдаа цугларч,

Өөрсдөдөө нэг тэргүүн томилон

тэд газрыг эзэлнэ.

Учир нь Иезреелийн өдөр

 агуу байх болно.