Матайн бичсэн сайн мэдээ нь Есүсийг Хуучин гэрээн дэх, Бурханы амлалтын биелэл буюу Аврагч гэдгийг илэрхийлдэг агаад Есүсийн төрж өссөн үндэстэн болох еврейчүүдэд төдийгүй дэлхий дахинд зориулагджээ.

 Матай ном нь Есүс мэндэлсэн, баптисм хүртсэн, соригдсон тухай болон Галилд номлож, зааж, эдгээн үйлчилж байсан үйл явдлаар эхэлдэг. Улмаар Галилаас Иерусалим хүртэл аялсан тухай нь болон сүүлчийн долоо хоног, үйл явдлын оргил буюу цовдлогдож бас амилсан тухай эмх цэгцтэй өгүүлдэг.

 Есүсийг Бурханы хаанчлалын тухай заагч, Бурханы хуулийг тайлбарлагч эрх мэдэл бүхий аугаа багш гэдгийг эл сайнмэдээнд харуулж байна. Түүний сургаалыг агуулгаар нь 1) Тэнгэрийн хаанчлалын иргэдийн зан чанар, үүрэг, эрх мэдэл, ирээдүйнх нь тухай өгүүлсэн хэсэг буюу уулан дээрх номлол; 2) Арван хоёр дагалдагчдадаа өгсөн заавар; 3) Тэнгэрийн хаанчлалын тухай сургаалт зүйрлэл; 4) Дагалдахуйн тухай; 5) Энэ үеийн төгсгөл ба тэнгэрийн хаанчлал айсуй тухай заасан нь хэмээсэн таван хэсэгт хуваан үздэг

Христ Есүсийн угийн бичиг
(Лк 3:23–38)

1 1 Абрахамын удам, Давидын удам, Есүс Христийн угийн бичиг. 2 Абрахам Исаакийг төрүүлж, Исаак Иаковыг төрүүлж, Иаков Иуда болон ах дүүсийг нь төрүүлсэн болой. 3 Иуда нь Перез, Зера нарыг Тамараас төрүүлжээ. Перез Хезроныг төрүүлж, Хезрон Рамыг төрүүлж, 4 Рам Амминадабыг төрүүлж, Амминадаб Нахшоныг төрүүлж, Нахшон Салмоныг төрүүлэв. 5 Салмонд Рахабаар Боаз, Боазд Рутаар Обед төржээ. Обед Иессийг төрүүлж, 6 Иесси Давид хааныг төрүүлсэн билээ. Уриагийн эмээс Давидад Соломон төрсөн 7 бөгөөд Соломон Рехобоамыг төрүүлж, Рехобоам Абиаг төрүүлж, Абиа Асаг төрүүлэв. 8 Аса Иехошафатыг төрүүлж, Иехошафат Иорамыг төрүүлж, Иорам Уззиаг төрүүлж, 9 Уззиа Иотамыг төрүүлж, Иотам Ахазыг төрүүлж, Ахаз Хезекиаг төрүүлж, 10 Хезекиа Манассег төрүүлж, Манассе Амоныг төрүүлж, Амон Иосиаг төрүүлэв. 11Вавилонд цөлөгдөх үед Иосиад Иекониа болон ах дүүс нь төржээ. 12Вавилонд цөлөгдсөний дараа Иекониад Шеалтиел, Шеалтиелд Зеруббабел төрөв. 13 Зеруббабел Абихудыг төрүүлж, Абихуд Елиакимыг төрүүлж, Елиаким Азорыг төрүүлж, 14 Азор Задокийг төрүүлж, Задок Ахимыг төрүүлж, Ахим Елиудыг төрүүлж, 15 Елиуд Елеазарыг төрүүлж, Елеазар Маттаныг төрүүлж, Маттан Иаковыг төрүүлэв. 16 Иаков нь Христ хэмээгддэг Есүсийг төрүүлсэн Мариагийн нөхөр Иосефыг төрүүлсэн болой. 17 Ийнхүү Абрахамаас Давид хүртэл арван дөрвөн үе, Давидаас Вавилонд цөлөгдөх хүртэл арван дөрвөн үе, Вавилонд цөлөгдсөнөөс Христ хүртэл арван дөрвөн үе байв.

Христ Есүс мэндэллээ

(Лк 2:1–7)

 18 Есүс Христ ийнхүү мэндэлжээ. Түүний эх Мариа Иосефтой сүй тавиад, дэр нийлэхээсээ өмнө Ариун Сүнсээр хэвлийдээ хүүхэд олсон нь мэдэгджээ. 19 Нөхөр Иосеф нь зөвт хүн байсан бөгөөд Мариаг олны шившиг болгохыг үл хүссэн тул түүнээс нууцаар салах бодолтой байж. 20 Харин түүнийг тийн бодож байхад, харагтун, Эзэний тэнгэрэлч зүүдэнд нь үзэгдээд

  —Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм. 21 Тэрээр нэгэн Хүү төрүүлж, Тэр нь ард түмнээ нүглээс нь аврах тул чи Түүний нэрийг Есүс хэмээн дууд гэв. 22 Эдүгээ энэ бүхэн тохиолдсон нь эш үзүүлэгчээр дамжуулан Эзэн айлдсан нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ 23 «Харагтун, онгон бүсгүй хүүхэд олж, Хүү төрүүлнэ. Түүнийг Иммануел (орчуулбал «Бурхан бидэнтэй хамт») гэж тэд нэрлэнэ» гэсэн юм. 24 Иосеф нойрноос сэрж, Эзэний тэнгэрэлчийн тушааснаар эхнэрээ авсан ч 25 түүнтэй энгэр зөрүүлэлгүй байсаар, төрүүлсэн Хүүг нь Есүс гэж нэрлэв.