Тит бол Христитгэлд хөрвөж улмаар сайнмэдээ дэлгэрүүлэх аянд Паулын дагалдан ажилчин, туслагч болсон грек хүн байжээ. Крэт дэх чуулганаа харгалзан үлдсэн залуу туслагчдаа хандсан энэ захидалд элч Паул үндсэн гурван зүйлийн талаар дурдсан байна.
 Ингэхдээ юуны өмнө чуулганы удирдагчид байх ёстой зан чанар болон крэтчүүдийн муу зан авирт хэрхэн хандах ёстой тухай сануулжээ. Улмаар чуулган дахь настай эрчүүд болон эргээд залуу бүсгүйчүүддээ заах настай эмэгтэйчүүд, залуу эрчүүд ба боолууд гэхчлэн янз бүрийн бүлгийн хүмүүст хэрхэн заан сургахыг Титэд зөвлөжээ. Эцэст нь бичигч бээр христэч зан байдлын талаар, ялангуяа амар тайван, нөхөрсөг байхыг мөн үзэн ядах, маргах, чуулгандаа бүлэглэн хуваагдахаас зайлсхийхийг зөвлөсөн байна.

Мэндчилгээ

1 1 Бурханы боол бөгөөд Есүс Христийн элч Паул би Бурханаар сонгогдогсдын итгэл болон итгэл сүсгийн дагуух үнэний мэдлэгийн төлөө элч болгогдсон юм. 2 Тэр нь мэхэлдэггүй Бурханы мөнх цагаас өмнө амласан мөнх амийн найдварт үндэслэсэн юм. 3 Бурхан зохистой цагт үгээ бидний Аврагч Бурханы тушаалаар надад даалгасан тунхаглалаар илэрхийлжээ. Хамтын итгэлийн маань жинхэнэ хүүхэд болох Титэд Бурхан Эцэг ба бидний Аврагч Христ Есүсээс нигүүлсэл амар амгалан нь байх болтугай.

Крэт арал дээр Титийн хийх ажил

 5 Би чамайг Крэтэд үлдээсэн нь чи дутагдсаныг гүйцээж, миний чамд зааварласнаар хот болгонд ахлагчдыг томилохын тулд юм. Ахлагч хүн гэм зэмгүй, нэг эхнэрийн нөхөр, самуурдаг юмуу тэрслүү хэмээн буруутгагдаагүй итгэгч хүүхдүүдтэй байх. Юу гэвэл, харгалзагч нь Бурханы нярав учраас гэм зэмгүй, дур зоргоороо түргэн зантай биш, дарсанд үл шимтэгч, зодоонч биш, бохир олз ашиг хайдаггүй, харин зочломтгой, сайнд дуртай, ухаалаг, шударга, ариун, биеэ барьдаг байх ёстой бөгөөд сургаалын дагуу итгэмжит үгийг баримтлах ёстой. Тэгснээр тэрээр эрүүл сургаалаар ухуулах болон эсэргүүцэгчдийг няцаах чадвартай байна. 10 Учир нь тэрслүү, хоосон чалчигч, мэхлэгчид, ялангуяа хозлол үйлдэгсэд олон байдаг. 11 Заах ёсгүй юмсыг тэд бохир олз ашгийн төлөө зааж, айл өрхийг бүхэлд нь хөмөрдөг тул тэдний амыг таглах ёстой. 12 Тэдний өөрсдийнх нь нэг эш үзүүлэгч “Крэтчүүд худалч, ёрын араатнууд, залхуу ходооднууд юм” гэж хэлжээ. 13 Энэ гэрчлэл нь үнэн юм. Иймээс тэднийг хатуу зэмлэ. Ингэснээр тэд итгэл дотор эрүүл байж, 14 иудейчүүдийн үлгэр домог болон үнэнээс эргэгчдийн тушаалуудыг эс анхаарах болой. 15 Цэврийн хувьд бүх юм цэвэр ажээ. Харин бузартсан болоод итгэлгүйчүүдийн хувьд юу ч цэвэр биш. Тэдний ухаан ч, мөс чанар нь ч бузартсан байдаг. 16 Тэд Бурханыг мэднэ гэдэг ч үйлсээрээ Түүнийг үгүйсгэдэг. Тэд булай, дуулгаваргүй бөгөөд алив сайн үйлсэд үл тэнцэнэ.