Улам нэмэгдсээр байсан эсэргүүцэлд тулж, итгэлээ орхих аюулд хүрсэн хэсэг итгэгчдэд зориулан энэ захидал бичигджээ. Тэднийг урамшуулж, Есүс Христ бол үнэн ба Бурханы эцсийн илчлэл юм гэдгийг харуулахдаа бичигч гурван зүйлийг онцолжээ. Үүнд 1) Есүс бол шаналал зовлонг даван туулж Эцэгийнхээ өмнө үнэнхүү дуулгавартай байсан, Бурханы мөнхийн Хүү бөгөөд Хуучин гэрээний эш үзүүлэгчид, тэнгэрэлч нар болоод Мосегоос ч дээд Нэгэн юм; 2) Есүс бол Хуучин гэрээний тахилч нараас давуу, Бурхан Өөрөө хүмүүст таниулсан Мөнхийн Тахилч; 3) Итгэгч хүн Есүсээр дамжин нүгэл, айдас, үхлээс хамгаалагддаг ба Христ бол Тэргүүн тахилч, жинхэнэ авралыг өгөгч бөгөөд амьтнаар тахил өргөх болон Еврейн шашин шүтлэгийн бусад ёс заншлаар урьдчилан илэрхийлэгдсэн Нэгэн юм хэмээсэн нь багтана.
Израилийн түүхэн дэх алдартай хүмүүсээс заримынх нь итгэлийг жишээлэн дурдаад, итгэлдээ үлдэхийг уншигчдадаа уриалсан бичигч маань 12-р бүлэгт тэдэнд хандан эцсийг хүртэл Есүс дээр хараагаа тогтоон итгэлээр явж, шаналал хавчлага юу ч учирсан даван туулахыг ятгасан байна. Энэ ном зөвлөгөө ба сануулгын үгээр төгсдөг.

Бурхан Хүүгээрээ ярьсан

1 Эрт үед эш үзүүлэгчдээр дамжуулан эцэг өвгөдөд олонтаа бас янз бүрийн замаар айлдсан Бурхан эдгээр эцсийн өдрүүдэд бүхний өвлөгчөөр томилсон, ертөнцийг бүтээсэн Хүүгийнхээ дотор бидэнд хандаж хэлэв. Түүний цог жавхлангийн гэгээ, Түүний мөн чанарын бодит илрэл ба эрх мэдлийнх нь үгээр бүхнийг Хүү барьдаг болой. Тэр нүглийн ариусгалыг гүйцээгээд, өндөрт байгч Сүр Жавхлантын баруун гарт залрав. Тэр тэнгэрэлч нараас илүү эрхэм нэрийг өвлөсөн шигээ тэднээс илүү эрхэм дээд нь болсон юм.

Тэнгэрэлч нараас давуу Хүү

 Учир нь Бурхан, тэнгэрэлч нарын алинд нь хэзээ

“Чи бол Миний Хүү,

Өнөөдөр Би Чамайг төрүүлсэн”

гээд бас

“Би Түүний Эцэг болж,

Тэр Миний Хүү болно”

гэж айлдсан юм бэ? Анх төрсөн Түүнийг дэлхийд Тэр дахин авчрахдаа

“Бурханы бүх тэнгэрэлч

Түүнд мөргөгтүн”

гэж айлджээ. Тэнгэрэлчүүдийн тухай Тэр

“Тэр тэнгэрэлчүүдээ салхи,

Үйлчлэгчдээ галын дөл

болгодог”

гэдэг бол, харин Хүүгийн тухайд

“Бурхан минь, Таны сэнтий мөнхийн мөнх.

Үнэн зөвийн очирт таяг нь

Таны хаанчлалын очирт таяг мөн.

Та зөвт байдлыг хайрласан бөгөөд

Ёс бусыг үзэн яджээ.

Тиймээс Бурхан, Таны Бурхан,

Нөхдийн тань дээгүүр

Таныг баяр баяслын тосоор тослов”

гэжээ. 10 Бас

“Эзэн, Та эхэнд

дэлхийг суурилуулсан,

Тэнгэрс ч мутрын тань бүтээл

 билээ.

11 Тэд мөхөх боловч Та үлдэнэ.

Тэд бүгд хувцас адил элэгдэнэ.

12 Та тэднийг

бүтээлэг мэт ороож

Тэд хувцас адил

бас өөрчлөгдөнө.

Харин Та хэвээрээ,

Таны он жилүүд эс төгсөнө”

гэдэг. 13 Харин Тэр тэнгэрэлч нарын алинд нь ер нь

“Дайснуудыг чинь Би

Чиний хөлийн гишгүүр

болгох хүртэл

Миний баруун талд залрагтун”

гэж айлдсан бэ? 14 Тэд бүгдээрээ авралыг өвлөгчдийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш үү?