МЭӨ 8-р зууны хоёрдугаар хагаст Иерусалимд амьдарч байсан их эш үзүүлэгч Исаиагийн нэрээр нэрлэгдсэн энэ номыг 3 үндсэн хэсэгт хуваан үзэж болно.

  1. Өмнөд хаант улс Иуда хүчирхэг хөрш Ассирийн заналхийлэл дор байсан үеийн тухай 1–39-р бүлэгт гарч байна. Энэ хэсэгт Ассири бус харин Бурханд дуулгаваргүй итгэл дорой хандаж буй өөрсдийх нь гэм нүгэлтэй явдал Иудаг заналхийлж байна хэмээсэн Исаиа эш үзүүлэгчийн үзэл илэрхийлэл харагдаж байна. Тэрээр мөн хурц үг, үйлдлээрээ зөвт амьдрал шударга ёсыг ард түмэн, удирдагч нартаа уриалж, нэхэж улмаар Бурханаас ирж буй мөхөл сүйрлийг анхааруулдаг юм. Мөн дэлхий дахины амар амгалан цаг үе болон Давидын удмын жинхэнэ хааны тухай ч мөн зөгнөсөн байна.
  2. Иудейчүүд олноороо Вавилонд олзлогдож, итгэл найдваргүй болсон цаг үеийн тухай 40–55-р бүлэгт өгүүлдэг. Ард түмнээ Бурхан чөлөөлж, шинэ амьдрал эхлэхээр Иерусалимдаа эргэн ирж суурьшихыг зөвшөөрөх цаг ирнэ гэдгийг тэрээр мөн тунхаглажээ. Бурхан бол түүхийн Эзэн агаад Израилиар дамжин бусад үндэстнийг ерөөх их зорилго бүхий төлөвлөгөөгөө ард түмэндээ зориулан бэлдсэн гэсэн санаа нь эдгээр бүлэгт гарч буй анзаарууштай агуулга юм.
  3. Бурхан амлалтаа биелүүлж, ард түмэн Иерусалимдаа эргэн ирэх тухай нотолсон өгүүлэмж 56–66-р бүлэгт нэлээд гардаг. Зөвт ба шударга амьдрал, Амралтын өдөр, өргөл мөн залбирлын асуудлуудыг бас энд хөндсөн байна. Хамгийн анхаарал татсан хэсэг нь 61:1–2-р эшлэл бөгөөд Есүс үйлчлэлээ эхлэх үедээ үүнийг хэрэглэн дуудлагаа тодорхойлсон байдаг.

1 1 Иудагийн хаад болох Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд, Иуда болон Иерусалимын тухай Амозын хүү Исаиагийн үзсэн үзэгдэл.

Иудагийн ёс бус байдал

2 Тэнгэр ээ, сонсогтун.

Газар аа, чих тавигтун.

ЭЗЭН айлдаж байна.

“Өсгөж торниулсан үрс маань

Өөдөөс минь тэрслэн бослоо.

3 Үхэр эзнээ,

илжиг ч эзнийхээ тэвшийг

 таньдаг атал

Израиль харин таньдаггүй,

улс олон минь ухаардаггүй.

4 Ай хөөрхий, нүгэлт үндэстэн,

хилэнцэд дарагдсан ард түмэн,

Хорлогчдын үр удам,

хөнөөгч хөвгүүд.

Тэд ЭЗЭНийг орхилоо.

Тэд Израилийн Ариун Нэгэнийг

 огоорон

Түүнээс ухарлаа.

Юунд та нар

 ташуурдуулах гээд байна?

Юу гэж та нар

 урваж тэрслээд байна?

Толгой нь нэлдээ өвчтэй,

Зүрх нь бүхэлдээ сульдуу байна.

Хөлийн улнаас толгой хүртэлээ

эрүүл газар алга.

Шахаагүй, боогоогүй,

 тосоор зөөллөөгүй

Шарх, сорви, шалбархай яр л

 байна.

7 Газар нутаг чинь эзгүйрч,

галд хотууд чинь шатаж,

Газар шороог чинь

та нарын нүүрэн дээр

гадаадынхан залгижээ.

Гаднынхны сүйтгэл хоосолжээ.

Сион охин, усан үзмийн талбай

 дахь овоохой шиг,

Өргөст хэмхийн талбай дахь

 шовгор юмуу

Бүслэгдсэн хот мэт болж хоцорчээ

9 Хэрэв түг түмдийн ЭЗЭН

Цөөн бидэнд амьд үлдэгсдийг

 үлдээгээгүй бол

Бид Содом мэт болж,

Гоморра шиг болох байлаа.

10 Содомын захирагчид аа!

ЭЗЭНий үгийг сонсогтун.

Гоморрагийн хүмүүс ээ!

Бурханы маань зааварт

 чих тавигтун.

11 ЭЗЭН айлдаж байна.

“Олон тахил чинь Надад

 юу юм бэ?

Хуцын шатаалт тахилд ч

бордсон үхрийн өөхөнд ч

Би бүр ханалаа.

Бух, хурга, ямааны цусыг ч

 Би эс таалму.

12 Өмнө минь үзэгдэх л гэж

 та нар ирэхдээ

Хашааг минь дэвслээд бай гэж

хэн та нараас шаардав?

13 Утгагүй өргөлөө цаашид

 бүү авчрагтун.

Утлага чинь Надад

 жигшүүртэй байна.

Шинэ сар, Амралтын өдөр,

Цуглааны дуудлага болох

Ёс бус тусгай чуулааныг Би

 эс тэвчинэ.

14 Та нарын шинэ сарын баяр,

 тогтоосон найруудыг

Би үзэн ядму.

Тэдгээр нь Надад тээр төвөг болж,

Тэднийг үүрэх гэж Би цөхөрмү.

15 Та нарыг гараа сарвайхад,

та нараас Би мэлмий буруулна.

Та нар олонтаа залбирсан ч

Би эс сонсоно.

Гар чинь цусаар бялдсан байна.

16 Өөрсдийгөө угааж цэвэрлэ.

Өөрийн минь нүднээс

 ёрын үйлсээ зайлуул.

Мууг хийхийг зогсоо.

17 Сайныг үйлдэхийг сурцгаа.

Шударга ёсыг мэтгэ.

Дарлагдагсдыг тэтгэ.

Өнчнийг өмөөр.

Бэлэвснийг өмгөөл.

18 “Хүрээд ир, тэгээд хэлэлцье” гэж

ЭЗЭН айлдаж байна.

“Хилэнц нүгэл чинь

 час улаан мэт байвч

цасан адил цагаан болно.

Хүрэн лугаа улаан боловч

ноос лугаа адил болно.

19 Уриалгахнаар та нар

дагах аваас

Уул газрын сайныг иднэ.

20 Эсэргүүцэж харин тэрсэлвээс

Илдэнд өөрсдөө идүүлнэ” хэмээн

ЭЗЭНий ам айлдаж байна.

Доройтсон хот

21 Итгэмжит хот яаж

 янхан болж байна?

Зөв шударгаар дүүрэн,

Үнэн зөв нь тэнд

 орогнож л байсан атал,

Өдгөө харин

 алуурчдаар л дүүрчээ.

22 Мөнгө чинь шаараг болжээ

Дарсанд чинь ус хольжээ.

23 Тэргүүлэгчид чинь тэрслэгчид,

хулгайчдын хамсаатан

Тэд бүгд хахуульд дурлагч,

шан харамж хөөцөлдөгсөд.

Өнчнийг тэд өмөөрдөггүй,

Бэлэвсний заргыг хавьтуулдаггүй.

24 Тиймээс түг түмдийн БУРХАН

 Эзэн,

Израилийн Хүчит Нэгэн

 тунхаглаж байна.

“Өө, Би хилэнгээ дайснууд дээрээ

 цутгаж,

Өстнүүдээсээ Би өшөөгөө авна.

25 Өөдөөс чинь Би мутраа эргүүлж,

Хог шаарыг чинь шүлтээр мэт

 цэвэршүүлж

Хольц бүхнийг чинь арилгана.

26 Шүүгчдийг чинь Би анхных шиг нь

Зөвлөхүүдийг чинь эхнийх шиг нь

 сэргээнэ.

Ингэсний дараа чи зөвт хот,

Итгэмжит хот гэж нэрлэгдэнэ.”

27 Тийнхүү Сион үнэн шударгаар,

Түүний гэмшигсэд нь үнэн зөвөөр

 золигдоно.

28 Харин урван тэрслэгсэд,

 нүгэлтнүүд

хамтдаа сүйрээд

ЭЗЭНийг орхигсод мөхнө.

29 Таашаасан царснаасаа болж та нар

 ичнэ.

Таалсан цэцэрлэгээсээ болж бас

 гутамшиг болно.

30 Учир нь та нар навчаа гөвсөн царс мэт,

Ус нь үгүй цэцэрлэг адил болно.

31 Хүчтэн нь өмхөрсөн мод,

Үйлс нь оч адил болно.

Тэд хоёул хамт шатах агаад

Түүнийг нь унтраах

 хэн ч үгүй болно.