Энэ ном нь Мосегийн залгамжлагч Иошуагийн удирдлагаар израильчууд Канаан газрыг булаан эзэлсэн тухай түүх юм. Иордан голыг гаталсан, Иерихог эзэлсэн, Аи дахь тулаан болон Бурхан ба ард түмний хоорондын гэрээ дахин санан сэргээгдсэн тухай хэсгүүд нь номын гол үйл явдал билээ. Номын олонд хамгийн танил болсон хэсгийн нэг нь “Хэнд нь үйлчлэх вэ гэдгээ сонгог… Харин би болон манай гэрийнхэн бид Эзэнд үйлчилнэ” (24:15) гэсэн эшлэл юм.

Эзэнээс Иошуад өгсөн үүрэг

1 1 ЭЗЭНий зарц Мосег өөд болсны дараа ЭЗЭН, Мосегийн туслах, Нуны хүү Иошуад

2 Миний зарц Мосе өөд болов. Одоо чи босож, энэ бүх ард түмний хамт энэхүү Иорданыг гатлан, израильчуудад Миний өгөх тэр нутаг уруу яв. 3 Хөлийн чинь ул гишгэх газар бүрийг Би Мосед амласныхаа дагуу та нарт нэгэнт өгсөн билээ. 4 Та нарын нутаг нь цөл ба энэ Ливанаас их мөрөн болох Евфрат мөрөн хүртэл хитчүүдийн бүх нутгаар дайрсан, наран жаргах зүгийн Их тэнгис хүртэлх газар байх болно. 5 Амьдралын чинь бүх өдрүүдэд хэн ч чиний эсрэг зогсож чадахгүй. Би Мосетэй хамт байсныхаа адил чамтай мөн хамт байх болно. Би чамайг орхихгүй мөн чамайг түлхэж хаяхгүй. 6 Тууштай бөгөөд зоригтой бай. Өвөг дээдэст нь өгөхөөр Миний андгайлсан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ. 7 Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний  зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүл. Үүнээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. Тэгвэл чи хаа явсан газраа амжилт олно. 8 Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж, өдөр шөнөгүй үүнийг бясалган, үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж, чи амжилтад хүрэх болно. 9 Би чамд тушаасан бус уу? Тууштай бөгөөд зоригтой бай! Бүү цочирд, бүү шантар. Хаа явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх болно гэв.

Эзлэн авах бэлтгэл

  10 Ингээд Иошуа ард олны захирагчдад тушаан хэлсэн нь

 — 11 Хуаран дундуур явж “Замын хүнсээ бэлтгэцгээ. Учир нь гурав хоногийн дотор та нар өөрсдөд чинь эзэмшүүлэхээр та нарын Бурхан ЭЗЭНий өгч буй газар нутгийг эзлэхээр Иорданыг гатлан явах гэж байна” гэж ард олонд тушааж хэл гэв. 12 Харин Реубен, Гад бас Манассегийн хагас овогт Иошуа хэлсэн нь

 — 13 ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаан хэлсэн үг болох “Та нарын Бурхан ЭЗЭН та нарыг амрааж, энэ газрыг та нарт өгнө” гэснийг сана. 14 Та нарын эхнэр, хүүхэд болон мал сүрэг Мосегийн та нарт өгсөн Иорданы энэ зүүн талын нутагт үлдэх болно. Харин танай бүх эрэлхэг хүчит эрс ах дүү нарынхаа өмнө бүрэн зэвсэгтэй гатлан явж тэдэнд туслах ёстой. 15 ЭЗЭН та нарын адил ах дүүсийг тань амраатал мөн та нарын Бурхан ЭЗЭНий өгч буй нутгийг тэд бас эзэмших хүртэл та нар явна. Дараа нь та нар нутагтаа харьж, ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Иорданы энэ зүүн тал, наран мандах зүгийн нутгаа эзэмшицгээ гэв. 16 Тэд Иошуад хариулан хэлсэн нь

—Тушаасан болгоныг тань бид хийж, илгээх газар бүрд тань явах болно. 17 Бид Мосег бүх юманд сонсон дагасныхаа адилаар, таныг мөн сонсон дагах болно. Харин зөвхөн таны Бурхан ЭЗЭН, Мосетэй хамт байсан шиг тантай хамт байх болтугай. 18 Тушаалыг тань тэрслэн, тушааж хэлсэн үгийг тань дагаагүй хэн боловч үхэх болно. Гагцхүү тууштай бөгөөд зоригтой бай гэлээ.