ДУУЛАЛ 40

Чөлөөлөлтийн талархал,

 тусламж эрсэн залбирал
Удирдаачид. Давидын дуулал.

40 1 Би ЭЗЭНийг тэвчээртэйгээр

 хүлээсэн
Тэр над уруу ойртож,
Хашхирахыг минь сонссон
2 Тэр намайг сүйрлийн нүхнээс,
Шавар шавхайнаас татан гаргаж,
Алхмыг минь бат бэх болгон
Хөлийг минь хадан дээр тавьсан
3 Тэр миний аманд шинэ дууг
Бурхандаа өргөх магтаалын дууг

 оруулав
Олон хүн хараад эмээж,
ЭЗЭНд итгэх болно
4 ЭЗЭНийг итгэлээ болгогсод

 ерөөлтэй еэ!
Тэд бардамналд эс эргэнэ,

 худалд үл төөрнө.
5 Бурхан ЭЗЭН минь,
Таны үйлдсэн олон гайхамшгууд
Бидэнд хандсан Таны бодлууд

 олон юм.
Тантай эн зэрэгцэхүйц хэн ч

 байхгүй
Би тэдгээр гайхамшгуудыг

 зарлан хэлье гэсэн ч
Тэд тоолшгүй олон.
6 Шатаалт ба идээн тахилыг
Та эс таална.
Та чихийг минь нээсэн
Шатаалт тахил ба нүглийн тахилыг
Та үл шаардана.
7 Тэгэхэд би “Харагтун, би ирлээ.
Миний тухай хуйлмал номд

 бичигдсэн байдаг.
8 Бурхан минь ээ,
Таны тааллыг би
гүйцэлдүүлэх дуртай.

Таны хууль зүрхэнд минь бий”

 гэж хэлсэн
9 Би зөвт байдлыг

 их чуулганд тунхаглав.
ЭЗЭН, харагтун, би уруулаа

 хамхиагүйг
Та мэднэ шүү дээ!
10 Би Таны зөвт байдлыг
Зүрхэндээ эс нууцлав.
Би Таны итгэмж хийгээд
Авралыг тань тунхаглав.
Би энэрлийг, хайрыг тань хийгээд

 үнэнийг тань
Их чуулганаас эс далдлав.
11 ЭЗЭН, Та надаас
Өршөөлөө бүү зайлуулаач,
Энэрэл хайр хийгээд үнэнээрээ
Намайг үргэлж хамгаалаач!
12 Учир нь тоо томшгүй бузрууд
намайг тойрчээ,
Харж чадахгүй болтлоо
хилэнц нүгэлд би баригджээ.
Тэдгээр нь толгойны минь үснээс ч

 илүү олон бөгөөд
Зүрх минь ч мохжээ
13 ЭЗЭН, намайг аврахаар соёрхооч!
ЭЗЭН, надад туслахаар хурдлаач!
14 Миний амийг эрэн хайгчид
Доромжлогдон ичгүүрт орог
Намайг гайтахад баярлагчид
Эргэж, шившиг болог!
15 Өөрт минь “Ха, ха!” хэмээгчид
Өөрсдийнхөө ичгүүрээс болж

 айцгааг!
16 Харин Таныг эрэн хайгчид бүгд
Таны дотор баярлан баясаг
Таны авралыг хайрлагсад
“ЭЗЭН агуу” гэж үргэлж хэлэг.
17 Би зүдэрсэн, гачигдсан ч
Эзэн намайг санана.
Та миний тусламж, Та миний

 аврагч билээ.
Бурхан минь ээ, бүү саатаач!