Израилийн өмнөд ба хойд хаант улсын тухай 1Хаад номд өгүүлсэн түүх энэ номд үргэлжилнэ. Номыг 1) МЭӨ 9-р зууны дунд үеэс МЭӨ 722 онд мөхсөн Самарийн уналт буюу Хойд хаант улсын төгсгөл хүртэлх үе; 2) Израилийн хаант улсын уналтаас олзлогдол буюу МЭӨ 586 онд Вавилоны хаан Небухаднезар, Иерусалимыг сүйрүүлсэн тухай түүх хэмээн хувааж болно. Вавилончуудын захиргаанд Иудаг удирдаж байсан Гедалиа захирагчийн тухай мөн Иудагийн Иехоиахин хаан Вавилоны шоронгоос суллагдсан тухай мэдээгээр ном төгсдөг.
 Үндэстэнд учирсан эдгээр гай зовлон Израиль, Иудагийн хаад болоод ард түмний итгэлгүй байдлаас болсон юм. Иерусалимын сүйрэл түүнчлэн Иудагийн ард олон цөлөгдсөн явдал бол Израилийн түүхэн дэх томоохон эргэлтийн нэг билээ.
 Энэ номд тодрон харагдах эш үзүүлэгч бол Елиагийн залгамжлагч Елиша юм.

Елиа Ахазиаг буруутгав

1  1 Ахабыг өөд болсны дараа Моаб Израилийн эсрэг босов. 2 Ахазиа Самарид дээд өрөөнийхөө сараалжнаас унаж бэртжээ. Тэрээр элч нарыг илгээж, тэдэнд

 —Явж, энэ өвчнөөс би ангижрах уу гэдгийг Екроны бурхан Баал-зебубаас асууж мэдэгтүн гэв. 3 Харин ЭЗЭНий тэнгэрэлч, тишбе хүн Елиад

 —Бос. Самарийн хааны элч нартай уулзахаар явж, тэдэнд “Израильд Бурхан байдаггүй болоод та нар Екроны бурхан Баал-зебубаас асуух гэж байна уу?” гэж хэл. 4 Тиймээс одоо ЭЗЭН “Чи хэвтсэн орноосоо буухгүй, харин чи гарцаагүй үхэх болно” гэж айлдаж байна гэв. Тэгээд Елиа салж явлаа.

 5 Элч нарыг хаан уруу буцаж ирэхэд нь тэр тэдэнд

 —Яагаад та нар буцаж ирэв? гэсэнд 6 тэд түүнд

 —Нэгэн хүн бидэнтэй уулзахаар ирээд “Явж, та нарыг илгээсэн хаанд буцаж очоод «ЭЗЭН “Израильд Бурхан байдаггүй болоод чи Екроны бурхан Баал-зебубаас асуухаар илгээж байна уу? Тиймээс чи хэвтсэн орноосоо буухгүй, харин гарцаагүй үхэх болно” гэж түүнд хэл» хэмээн айлдаж байна” гэж бидэнд хэлсэн гэцгээв. 7 Хаан тэдэнд

 —Та нартай уулзахаар ирж, эдгээр үгийг та нарт хэлсэн тэр хүн ямаршуу төрхтэй байсан бэ? гэхэд 8 тэд хаандаа

 —Бүсэлхийгээрээ арьсан бүс бүсэлсэн үсэрхэг хүн гэж хариулцгаав. Хаан

 —Тэр бол тишбе хүн Елиа байна гэж хэлэв. 9 Тэгээд тавьтын даргыг тавьтынх нь хамт Елиа уруу илгээв. Тэрээр түүний өөд өгсөж гараад харвал Елиа толгодын орой дээр сууж байлаа. Тэр түүнд

 —Бурханы хүн ээ, “Бууж ирэгтүн!” гэж хаан хэлүүллээ гэв. 10 Елиа өнөөх тавьтын даргад хандан

 —Хэрэв би Бурханы хүн мөн юм бол тэнгэрээс гал бууж чамайг болон чиний тавьтыг шатааг гэв. Тэгтэл тэнгэрээс гал бууж түүнийг бас тавьтыг нь ч шатааж орхив. 11 Тиймээс хаан тавьтын өөр даргыг тавьтынх нь хамт Елиа уруу дахиж илгээлээ. Тэр Елиад

 —Бурханы хүн ээ, “Түргэхэн буугаад ир” гэж хаан айлдаж байна гэв. 12 Елиа тэдэнд

 —Хэрэв би Бурханы хүн мөн юм бол тэнгэрээс гал бууж чамайг болон чиний тавьтыг шатааг гэж хэлэв. Тэгтэл Бурханы гал тэнгэрээс бууж түүнийг болон тавьтыг нь шатаав. 13 Тиймээс хаан дахиад гурав дахь тавьтын даргыг тавьтынх нь хамт илгээлээ. Гурав дахь тавьтын дарга дээшээ өгсөөд, Елиагийн өмнө өвдөг сөгдөж, түүнээс гуйн

 —Бурханы хүн ээ, миний амь болон таны эдгээр тавин боолын амь насыг таалалдаа багтаагаач. 14 Харагтун тэнгэрээс гал бууж түрүүчийн хоёр тавьтын даргыг тавьтуудтай нь хамт шатаасан билээ. Гэвч одоо миний амийг таалалдаа багтаагаач гэв. 15 ЭЗЭНий тэнгэрэлч, Елиад

 —Түүнтэй хамт буугтун. Түүнээс бүү айгтун гэж хэлэхэд Елиа босоод түүнтэй хамт хаан уруу буун явлаа. 16 Тэгээд тэрээр хаанд

 —ЭЗЭН “Екроны бурхан Баал-зебубаас асуулгахаар элч нарыг илгээсэн явдал чинь Өөрийнх нь үгийг асуун мэдэж болох Бурхан Израильд байдаггүйгээс болсон уу? Тиймээс чи хэвтсэн орноосоо буухгүй, харин гарцаагүй үхэх болно” гэж айлдаж байна гэжээ.

Ахазиагийн үхэл

 17 Ийнхүү Елиагийн хэлсэн ЭЗЭНий үгийн дагуу Ахазиа нас барав. Тэрээр хүүгүй байсан тул Иудагийн хаан Иехошафатын хүү Иехорамын хоёрдугаар онд Иехорам түүний оронд хаан болов. 18 Ахазиагийн хийсэн бусад үйл хэрэг нь Израилийн хаадын шастир номд бичигдсэн бус уу?