Дэд хууль нь Канаан нутагт орохоор олон жил цөлөөр хэрэн тэнүүчилсэн аянаа зогсоож, Моабын нутагт ирсэн израильчуудад Мосегоор дамжуулан Бурханаас өгсөн цуврал айлдвар хэлбэрийн зохион байгуулалттай ном юм.
 Эл номд тэмдэглэгдсэн чухал хэрэг явдалд 1) Мосе өнгөрсөн 40 жилд тохиолдсон чухал үйл явдлуудыг эргэн дурсаж, тэднийг үнэнч дуулгавартай байлгахын төлөө цөлөөр Бурхан хэрхэн удирдан дагуулсныг санаж явах талаар ард түмэндээ хэлсэн тухай; 2) Мосе 10 тушаалыг тоймлон, эхний тушаалын утгыг онцолж, өөрсдийгөө зөвхөн Эзэн Бурханд зориулахыг ард түмэндээ уриалж улмаар амлагдсан нутагт израильчуудын дагаж мөрдөх олон хуулийг дахин сануулсан тухай; 3) Мосе ард түмэндээ Бурханы гэрээний учир утгыг сануулж, үүнийг үнэнчээр даган биелүүлэхийг уриалсан тухай; 4) Бурханы хүмүүсийн дараачийн удирдагчаар Иошуа томилогдсон мөн Бурханы итгэмжийг магтан дуулж, Израилийн овгуудыг ерөөснийхөө дараа Моабын нутаг, Иордан голын зүүнтээд Мосе нас нөгчсөн тухай хэсгүүд тус тус багтана.
 Номын хамгийн агуу сэдэв бол хайрладаг, сонгосон хүмүүсээ Бурхан ерөөж хамгаалдаг агаад Эзэнийг хайрлан дуулгавартай амьдарваас урт нас, үүрдийн ерөөл тасрахгүй байх тухай юм. Харин номын түлхүүр эшлэл нь “бүх тушаалын хамгийн агуу нь” хэмээн Есүсийн нэрлэсэн “Эзэн Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла” гэсэн (6:4–6) нь билээ.

Хоребт болсон бүхнийг дурсав 

1 1 Бүх Израилийг цөлд, Иорданы наад талд, Суфын эсрэг тал дахь Арабад буюу Паран, Тофел, Лабан, Хазерот, Дизахабын хооронд байхад тэдэнд хандаж Мосегийн хэлсэн үгс энэ болой. 2 Хоребоос Сеир уулын замаар Кадеш-барнеа хүрэхэд арван нэг хоног явдаг. 3 Дөч дэх жилийн арван нэгдүгээр сарын нэгний өдөр Мосе Израилийн хүүхдүүдийн талаар ЭЗЭНээс өөрт нь тушаасан бүхнийг тэдэнд хэлжээ. 4 Энэ нь Мосе, Хешбонд сууж байсан аморичуудын хаан Сихоныг бут цохиж, Аштарот мөн Едреид сууж байсан Башаны хаан Огийг бут цохисны дараа болсон явдал юм. 5 Мосе, Иорданы дорно этгээд дэх Моабын нутагт энэ хуулийг тайлбарлан эхэлж

6 Бидний Бурхан ЭЗЭН Хореб ууланд бидэнд айлдахдаа, “Та нар энэ ууланд их удаан суулаа. 7 Аяны жолоогоо эргүүлэн хөдөлж, аморичуудын уулархаг нутаг болон түүний хөрш зэргэлдээх Араба, уулархаг нутаг, нам дор газар, Негев, далайн эргийн дагуух бүх ард түмэн уруу очиж, канаанчуудын нутаг, Ливан, улмаар их Евфрат мөрөн хүртэл явцгаа! 8 Хараач, Би өмнө чинь тэр нутгийг тавилаа. ЭЗЭН та нарын өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаковт бас үр удамд нь өгөхөөр тангарагласан тэр нутагт орж, түүнийг эзэмшицгээ” гэв.

Овгийн тэргүүнүүдийг томилов

(Гэт 18:13–27)

9 Би тэр үед та нарт “Би та нарыг ганцаараа дааж чадахгүй. 10 Бурхан ЭЗЭН чинь та нарыг өнөр өтгөн болгосон. Үзэгтүн, энэ өдөр та нар тэнгэрийн одод мэт олон болжээ. 11 Эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭН та нарыг одоо байгаагаас чинь мянга дахин өсгөж, та нарт амласан ёсоороо та нарыг ерөөх болтугай! 12 Харин би ганцаараа та нарын тээр төвөг, та нарын хэрүүл маргааныг яаж үүрч даах юм бэ? 13 Овог бүрээсээ мэргэн ухаантай, мэдлэгтэй, нэр хүндтэй хүмүүсийг сонгогтун. Би тэднийг та нарын удирдагчаар томилъё” гэсэнд, 14 “Таны хэлсэн ёсоор хийх нь зөв” гэж та нар надад хариулсан. 15 Танай овгуудын удирдагчид болох мэргэн ухаантай, нэр хүндтэй хүмүүсийг би авч, та нарыг ахлуулахаар овог бүрд мянгат, зуут, тавьт, аравтын дарга нар, албатууд болгон томилсон. 16 Би тэр үед шүүгчдэд чинь тушааж “Та нар ах дүүсийнхээ хоорондох хэргийг сонсоод, нутгийн ах дүүс ч бай, ирмэл хүн ч бай, хүмүүсийн хоорондох хэргийг зөв шүү. 17 Та нар шүүхдээ хүнийг харж болохгүй. Доодсыг дээдсийн нэгэн адил сонс. Шүүх бол Бурханых учир та нар хүнээс бүү ай! Өөрсдөө шийдэж чадахгүй хэцүү хэргээ надад авчир. Би түүнийг чинь сонсъё” гэв. 18 Би та нарын хийх ёстой бүгдийг тэр үед нь та нарт тушаасан билээ.

Израилийн татгалзал

(Тоо 13:1–33)

19 ЭЗЭН Бурханыхаа бидэнд тушаасан ёсоор бид Хоребоос хөдөлж, та нарын харсан аймшигт өргөн цөлийг бүхэлд нь гатлан аморичуудын уулархаг нутаг хүрэх замаар Кадеш-барнеад ирсэн билээ. 20 Тэгэхэд би та нарт “Бидний Бурхан ЭЗЭНий бидэнд өгөх гэж байгаа, аморичуудын уулархаг нутагт та нар хүрч ирлээ. 21 Харагтун, Өмнө чинь байгаа нутгийг ЭЗЭН Бурхан чинь өгсөн. Эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭН чамд айлдсан ёсоор яв, түүнийг эзэмш! Бүү ай! Бүү зүрхшээ!” гэсэн билээ. 

 22 Тэгэхэд та бүхэн над уруу дөхөж ирээд, “Бидний өмнөөс тэр газрыг тандаж мэдээд, ямар замаар очих, ямар хот уруу орох тухай хэл мэдээг бидэнд авчрах хүмүүсийг бид өмнөө илгээе” гэж хэлцгээсэн. 23 Тэр үг надад таалагдаж, би овог тусбүрээс нэг нэг хүн, бүгд арван хоёр хүнийг чинь авсан. 24 Тэд тэндээсээ уулархаг нутагт хүрч, улмаар Ешколын хөндийд очиж, түүнийг тандаад, 25 тэр нутгийн жимснээс гартаа авч, бидэнд авчрав. Тэд “ЭЗЭН Бурханы маань бидэнд өгөх гэж байгаа тэр нутаг сайхан газар байна” гэсэн мэдээг бидэнд хүргэж авчирсан.

 26 Гэвч та нар тийш явахаас дургүйцэж, Бурхан ЭЗЭНийхээ тушаалын эсрэг тэрсэлсэн билээ. 27 Та нар майхан дотроо гомдоллож, “ЭЗЭН биднийг үзэн яддаг учраас биднийг устгахын тулд аморичуудын гарт тушаахаар Египет нутгаас авчирсан байна. 28 Бид хаашаа явцгаах вэ? Ах дүү нар маань «Хүмүүс нь биднээс аварга том, өндөр, хотууд нь маш том, тэнгэр тулсан хэрэмтэй. Түүнээс гадна, бид тэнд анакчуудын хөвгүүдийг харсан» гэж хэлэн бидний зүрхийг мохоосон” гэцгээсэн. 29 Тэгэхэд би та нарт “Бүү цочирд, тэднээс бүү ай! 30 Та нарын өмнө явдаг ЭЗЭН Бурхан чинь Египетэд нүдний чинь өмнө та нарт үйлдсэн шигээ та нарын төлөө Өөрөө тэмцэх болно. 31 Эцэг хүн хүүгээ тэвэрдэг шиг ЭЗЭН Бурхан чинь та нарыг энэ газар хүрч иртэл явсан бүх замын чинь туршид хэрхэн үүрч дүүрч ирснийг та нар цөлд үзсэн” гэв. 32 Гэвч энэ бүхэнд та нар Бурхан ЭЗЭНдээ итгэсэнгүй. 33 Тэр замд чинь та нарт буудаллах газрыг хайхын тулд, явах ёстой замыг чинь та нарт заахын тулд шөнөөр гал дотор, өдрөөр үүлэн дотор өмнө чинь явдаг.

Бослогын шийтгэл

 34 Тэгээд ЭЗЭН та нарын үгийг сонсоод, хилэгнэн тангараглаж айлдахдаа, 35 “Энэ ёрын муу үеийнхэн буюу энэ хүмүүсийн нэг нь ч эцэг өвгөдөд чинь өгөхөөр Миний тангарагласан сайхан газрыг үзэхгүй! 36 Зөвхөн Иефуннегийн хүү Калеб тэр газрыг үзэх болно. Тэр ЭЗЭНийг бүрэн дагасан учир түүний гишгэсэн газрыг нь Би түүнд бас түүний хөвгүүдэд өгнө” гэв. 37 ЭЗЭН та нараас болж надад ч бас уурласан учраас “Чи ч бас тийшээ орох ёсгүй. 38 Чиний өмнө зогсдог, Нуны хүү Иошуа тийшээ орно! Иошуа тэр газрыг Израильд өвлүүлэх учраас түүнийг зоригжуулагтун! 39 Үүнээс гадна, олз болох нь хэмээн та нарын хэлж байсан балчир хүүхдүүд чинь, мөн энэ өдөр сайн мууг ялгаж чадахгүй хөвгүүд чинь тийшээ орох болно. Би тэдэнд тэр газрыг өгч, тэд түүнийг эзэмшинэ. 40 Харин та нар буцаад, Улаан тэнгис хүрэх зам дагуух цөл уруу хөдөлцгөө!” гэсэн билээ. 41 Та нар “Бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн. Бид Бурхан ЭЗЭНийхээ бидэнд тушаасан ёсоор явж, тулалдацгаая” гэж надад хариу хэлээд, бүх эрчүүд чинь дайтах зэвсгээ агсаж, уулархаг нутагт явж орохыг хялбар хэмээн санасан. 42 ЭЗЭН надад “«Би та нарын дунд байхгүй учир бүү яв, бүү дайт! Эс бөгөөс та нар дайсныхаа өмнө цохигдоно» гэж тэдэнд хэл” хэмээв. 43 Би та нарт хэлсэн боловч та нар сонсолгүй ЭЗЭНий тушаалын эсрэг тэрсэлж, давлиун загнан уулархаг нутаг өөд хөдөлцгөөсөн билээ. 44 Тэр уулархаг нутагт амьдарч байсан аморичууд та нарын эсрэг хөдлөн та нарыг сүрэг зөгий мэт үлдэн хөөж, Сеир уулаас Хорма хүртэл бут цохисон. 45 Та нар эргэж ирээд, ЭЗЭНий өмнө уйлцгаасан ч ЭЗЭН та нарын дуу хоолойг сонсоогүй, та нарт чих тавиа ч үгүй.

Цөлийн жилүүд

 46 Тэгээд та нар тэнд өнгөрүүлсэн өдрийн тоогоор Кадешт тийм олон хоног суусан билээ.