Энэ ном нь МЭӨ 586 онд Иерусалим хот сүйрч, ард олон нь олзлогдсон явдалд харуусан бичсэн таван багц шүлгийн цуглуулга юм. Ном ерөнхийдөө халаглалын аястай боловч Бурханд болон ирээдүйдээ итгэсэн найдвар ч мөн багтжээ. Эдгээр шүлгийг МЭӨ 586 онд болсон үндэстний гамшгийг дурсан санах гашуудал мацгийн өдрүүдийн мөргөлд хэрэглэдэг.

Эзгүйрсэн хот

1 Дүүрэн хүнтэй байсан энэ хот

Юутай ганцаардан сууна вэ!

Үндэстнүүдийн дунд

 агуу байсан тэрээр

Бэлэвсэн эм мэт болжээ!

Мужуудын дунд

 гүнж байсан тэрээр

Албадлагын ажилчин болжээ!

2 Хацар дээрээ нулимстай

Гашуудан уйлна, шөнө дөлөөр

Хайртуудынх нь дундаас

  тайтгаруулах хүн

Ганц алга даа, түүнд

Хамаг олон найз нь урвацгаажээ.

Харьтан дайснууд хүртэл

 болцгоожээ.

3 Зовлон зүдүүр,

 хэрцгий боолчлол дор

Иуда цөллөгт одов.

Зон үндэстний дунд суугаад

амралт эс олов.

Зовол хавчил дунд түүнийг,

мөшгөгсөд нь гүйцэж барив.

4 Тогтоосон баяруудад хэн ч

 ирдэггүй учир

Сионы замууд халаглана.

Гулдан хаалга бүр нь эзгүйрэв.

Тахилч нар нь санаа алдаж,

Онгон охид нь энэлж,

 тэр хот гашуудав.

5 Өстнүүд нь захирагч болж,

Дайснууд нь дэвжив.

Гэмт үйлдэл нь

 тоо томшгүй болсон тул

ЭЗЭН түүнийг энэлгэжээ.

Хүүхдүүд нь өстнийхөө өмнө

Олзныхон болж, туугдан оджээ.

Сионы охиноос сүр жавхлан нь

 салан оджээ.

Хан хөвгүүд нь бэлчээрээ олоогүй

буга мэт тамирдан

Мөшгөгчийн өмнө туугдан зугтав.

7 Урьдын өдрүүдэд байсан

 бүх үнэт зүйлээ

Зовлон зүдүүр ба тэнүүчлэлийн

 өдрүүдэд

Иерусалим дурсан санагалзана.

Ард түмэн өстний гарт унахад

Хэн ч түүнд тусалсангүй.

Өстнүүд хотыг харж,

Эвдрэл сүйрлийг нь элэглэнэ.

8 Иерусалим үлэмж гэм нүгэл

 үйлдсэнээс

Элэглэл болов.

Хүндэтгэж байсан бүхэн

Нүцгэнийг нь хараад түүнийг

 жигшдэг болов.

Тэр өөрөө ч хүртэл санаа алдаж,

 цаашаа эргэв.

9 Бузар нь хормойдоо наалдаж,

Эцсээ тэр эс эргэцүүлсэн тул

Гайхалтайгаар унажээ.

Тайтгаруулагч ч үгүй ажээ.

“Дайсан өөрийгөө дөвийлгөв,

Зовлон зүдүүрийг минь хараач,

 ЭЗЭН!”

10 Үнэт бүгд уруу нь өстөн гараа

 сунгав.

Цуглаанд чинь орох ёсгүй гэж

 Таны тушаасан

Тэр үндэстнүүд ариун газарт нь

 нэвтрэхийг бас үзэв.

11 Хотын бүх хүн талх хайн

 санаа алдана.

Амь голоо зогоохоор тэд

Үнэт зүйлсээ хүртэл

 хүнснээс өгчээ.

“Хараач, ЭЗЭН!

Ямар ч үнэгүй болсныг минь

 хараач.”

12 Замаар өнгөрөгч та бүгдэд

Энэ юу ч биш гэж үү?

Дүрэлзэх хилэнгийнхээ өдөр

ЭЗЭН надад учруулж энэлгэсэн

Тэр шаналал шиг

 шаналал байна уу?

Хараач, үзээч.

13 Тэрээр өндрөөс гал илгээв

Тэр нь ясанд минь оров.

Хөлд минь Тэрээр тор хаяв,

Намайг гэдрэг нь харуулав.

Тэрээр намайг ганцаардуулав

Бүхий л өдөр зовуурлуулав.

14 Гэмт үйлдэл минь над дээр

Буулга болон буув.

Түүний мутар холбоос

Уяаг нь бэхэлжээ

Сэрвээ хүзүүгээ даруулсан тул

Тэнхээ хүч минь бас доройтов.

Сөрж үл чадах гарт

Эзэн намайг өгөв.

15 Бидний дундах хүчтэнүүдийг

ЭЗЭН үл хэрэгсэв,

Залуусыг минь хүртэл

няц дарахаар товлон

Миний эсрэг дуудав.

Иудагийн онгон охиныг

Дарс шахах адил ЭЗЭН

 нухчин гишгэлэв.

16 Ийн учир уйлж, усан нүдэлнэ, би.

Амь голыг минь

 сэргээн тайтгаруулагч

Алсад байна, надаас

Дайсан ноёрхож,

 хүүхдүүд минь эзгүйрэв.

17 Сион гараа сунгавч

Тайтгаруулах хэн ч алга.

Иаковын эсрэг

 ЭЗЭНий тушааснаар

Эргэн тойрныхон нь

 өстнүүд болов

Иерусалим тэдний дунд

 буртаг болжээ.

18 “ЭЗЭН зөвт.

Учир нь би тушаалынх нь эсрэг тэрсэлжээ.

Хүмүүс ээ, та бүгд сонсоцгоо,

Өвдөлтийг минь харцгаа.

Онгон охид ба залуус минь

Олзлогдон одсон билээ.

19 Би амрагуудаа дуудав.

Тэд намайг мэхлэв.

Тахилчид ба ахмадууд минь

Амь голоо зогоох

 хоол хүнс хайсаар

хот дотор мөхөв.

20 Хараач, ЭЗЭН,

 миний яаж шаналж буйг.

Гэдэс дотор минь улайдав.

Үлэмж тэрсэлснээсээ болж

Зүрх минь дотроо хөмрөв.

Гадаа илдний хядуур мэт

Гэр үхлийн газар мэт болжээ.

21 Гаслахыг минь тэд сонссон ч

Тайтгаруулах хүн үгүй.

Гай гамшгийг минь

 сонссон дайснууд маань,

Ийн үйлдсэнд тань

 баярлаж байх авч

Надтай адил болох өдрийг нь

Тунхагласан ёсоороо

 Та авчраасай.

22 Бүх хорон муу нь Таны өмнө ирэг.

Бүх гэмт үйлдлийн минь улмаас

надад хандсан шигээ

Та тэдэнд ч мөн тэгж хандаач.

Гаслал минь олширсоор,

Зүрх минь сульдсаар байна.”