Иоханы 3 дахь захидал нь “ахлагчаас” чуулганы удирдагч Гаид ханджээ. Бичигч бээр бусад христитгэгчдэд тусалж буй түүнийг магтаж мөн Диотреф гэгчээс сэрэмжлүүлжээ.

Мэндчилгээ

   1 1 Ахлагч би үнэний дотор чин хайрт Гаидаа.

Гаин зочломтгой зан

2 Хайрт минь, сэтгэл чинь сайн сайхан буйн адил бүх зүйл чинь сайн сайхан, эрүүл энх байгаасай хэмээн би залбирч байна. 3 Ах дүү нар ирж, чиний үнэнийг, чамайг үнэн дотор хэрхэн явааг гэрчилсэнд би маш их баярласан. 4 Миний хүүхдүүд үнэний дотор буйг сонсохоос эрхэм баяр баясгалан гэж надад үгүй билээ. 5 Хайрт минь, чи ах дүүгийнхээ төлөө, ялангуяа гаднынхны төлөө аливааг хийхдээ итгэмжтэй зүтгэж байгаа юм байна. 6 Тэд хайрын чинь тухай чуулганы өмнө гэрчилсэн юм. Бурханд зохистойгоор тэднийг аян замд нь үдсэнээр чи сайн үйл хийх болно. 7 Учир нь тэд харийнхнаас юу ч авалгүй Нэрийн төлөө явцгаасан юм. 8 Тиймээс тийм хүмүүсийг бид дэмжих учиртай. Тэгснээр бид үнэний хамтран зүтгэгч болох билээ.

Диотреф Деметр хоёр

9 Би зарим нэг зүйлийг чуулганд бичсэн. Харин тэдний дунд тэргүүн болохыг дурлагч Диотреф биднийг хүлээж авахгүй байгаа юм. 10 Иймээс би очвол, түүний хийдэг үйлийг нь сануулна. Юу гэвэл, тэр бидний эсрэг балмад үгс чалчсан юм. Үүгээр ч сэтгэл ханахгүй, ах дүү нараа тэр хүлээн авдаггүй бөгөөд хүлээн авахыг хүсэгчдийг хориглон, чуулганаас хөөж байна. 11 Хайрт минь, мууг бус харин сайныг дуурай. Сайныг үйлдэгч нь Бурханых. Мууг үйлдэгч нь Бурханыг хараагүй юм. 12 Бүх хүн төдийгүй үнэн нь Деметрийг сайнаар гэрчилдэг. Бид ч түүнийг гэрчлэх бөгөөд бидний гэрчлэл үнэн гэдгийг чи мэднэ.

Төгсгөлийн мэндчилгээ

13 Бичих зүйл надад олон байгаа боловч би чамд бийр бэхээр бичихийг хүсэхгүй байна. 14 Харин чамтай удахгүй уулзана гэдэгт найдаж байна. Бид нүүр нүүрээрээ учран ярилцах болно. 15 Амар амгалан нь чамд байг. Анд нөхөд чамд мэнд хүргэж байна. Анд нөхдөд нэрээр нь мэнд хүргээрэй.