Энэхүү захидлыг боолын эзэн Филемонд бичсэн ба түүнийг Колосай дахь чуулганы нэр хүндтэй гишүүн байсан гэж үздэг. Түүний Онесим гэдэг боол зугтан явж байхдаа, шоронд байсан Паултай учран Христэд итгэсэн төдийгүй эзэндээ эргэн очих болсонтой холбогдуулан энэ захидлыг бичжээ. Паул эл захидалд, зугтсан боолоо өршөөн хэлтрүүлж, түүнийг боол бус харин итгэлийн ах дүү хэмээн хүлээн авахыг Филемонд ятгасан байна.

Мэндчилгээ 

1 1Христ Есүсийн хоригдол Паул болон дүү Тимотоос бидний хайрт хамтран зүтгэгч Филемонд 2 мөн бидний эгч Апфиа, хамтран тэмцэгч Архийп нарт болон гэрт чинь цугладаг чуулганд. 3 Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл, амар амгалан нь та нарт байх болтугай.

Филемоны хайр ба итгэл

   4 Би залбиралдаа чамайг дурсахдаа Бурхандаа үргэлж талархдаг. 5 Учир нь Эзэн Есүст хандсан итгэл ба бүх ариун хүмүүст өгсөн хайрын чинь талаар би сонсдог. 6 Христийн төлөөх гэдгээс маань үүдэх аливаа сайныг чи таньснаар итгэлийн нөхөрлөл чинь үр дүнтэй болоосой гэж би залбирч байна. 7 Би хайраас чинь маш их баяр баясгалан, тайвшралыг авсан. Дүү минь, чамаар ариун хүмүүсийн зүрх тэнхрэв.

Онесимийн төлөөх гуйлт

   8 Тиймээс, хийвэл зохих зүйлийг чинь чамд тушаах үлэмж зориг Христ дор надад бий боловч, 9 хайрын учир би одоо байгаагаараа тухайлбал настай, эдүгээ Христ Есүсийн хоригдол болох Паул гэдгээрээ чамаас хичээнгүйлэн гуйя. 10 Би Онесим гэдэг хүүгийнхээ төлөө чамаас гуйя. Би түүнийг хүлээтэй байхдаа төрүүлсэн юм. 11 Тэр чамд урьд нь ашиггүй байсан бол, харин одоо чамд ч, надад ч чухамдаа ашигтай. 12 Би түүнийг чам уруу буцаан явууллаа. Тэр бол зүрх минь билээ. 13 Би сайнмэдээний төлөө хүлээсэнд байхдаа түүнийг чиний өмнөөс өөртөө үйлчлүүлье хэмээн дэргэдээ байлгахыг хүссэн. 14 Гэвч чиний сайн үйл нь албадлагаар бус, харин сайн дурын хүслээр байгаасай гэсэндээ чиний зөвшөөрөлгүйгээр үүнийг хийхийг үл хүсэв. 15 Түүнийг чи үүрд буцааж авахын учир тэр чамаас түр зуур салсан биз ээ. 16 Цаашид тэрээр боол шиг бус, боолоос ч илүүгээр махбодын ч дотор, Эзэний ч дотор ялангуяа миний хувьд болон чиний хувьд бүр ч илүү хайрт дүү юм. 17 Иймд чи намайг хамтрагч гэж тооцож байгаа бол намайг хүлээн авахын адил түүнийг ч хүлээн ав. 18 Хэрэв тэр чамд ямар нэгэн мууг хийсэн бол, эсвэл чамд өртэй бол, үүнийг надтай тооцоорой. 19 Паул би өөрийн гараар бичиж байна. Би түүнийг нь төлье. (Өөрөө бас надад өртэй гэдгийг чинь чамд сануулах хэрэггүй байх) 20 Тийм ээ, дүү минь, Эзэн дор тусыг чинь авъя. Христ дор зүрхийг минь тэнхрүүл. 21 Хэлснээс минь илүү ихийг хийнэ гэдгийг чинь би мэддэг тул дуулгавард чинь итгэн, чамд би бичлээ. 22 Үүнээс гадна надад нэг байр бэлдээрэй. Та нарын залбирлын учир би эргэж очно гэж найдаж байна.

Төгсгөлийн мэндчилгээ ба ерөөл

   23 Христ Есүс дор надтай хамт хоригдогч Епафр чамд мэнд хүргэж байна. 24 Миний хамтран зүтгэгчид болох Марк, Аристарх, Дем болон Лук нар мэнд дамжуулж байна. 25 Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нарын сүнстэй хамт байх болтугай.