Бага Азийн хойд хэсгээр тархсан христитгэгчдэд хандсан энэхүү захиандаа Петр тэднийг “Бурханы сонгосон хүмүүс” гэж нэрлэжээ. Захидлын гол зорилго нь итгэлээсээ болж хавчлагад өртөн зовж яваа итгэгчдийг урамшуулах явдал байв. Үүнийг илэрхийлэхдээ бичигч бээр Есүс Христийн үхэл, амилал болон итгэгчдийг авахаар ирэх амлалтад найдах тухай сануулжээ. Түүнчлэн итгэлийг шалгах сорилт болон Есүс Христийн ирэх өдөр шагнагдана гэдэгт итгэн, зовлон шаналлыг хүлцэж, даван туулах тухай мөн бичсэн байна.
Петр, уншигчдадаа хандан хүнд хэцүү үед нь урам хайрлаад зогсохгүй мөн Христэд хамаатай хүний амьдралаар явахыг ятгасан байдаг.

Мэндчилгээ 

  1 1 Есүс Христийн элч Петрээс Понт, Галат, Каппадок, Ази болон Битунд тархсан, түр суурьшигч нарт. 2 Та нар Бурхан Эцэгийн урьдаас харсны дагуу, Сүнсний ариусгалаар Есүс Христэд дуулгавартай байх болон Түүний цусаар цацуулахын тулд сонгогдсон билээ. Нигүүлсэл ба амар тайван нь та нарт улам арвин болох болтугай.

Амьд найдвар

  3 Эзэн Есүс Христийн маань Бурхан ба Эцэг магтагдах болтугай. Учир нь Бурхан Өөрийн агуу өршөөлөөр, үхэгсдээс амилсан Есүс Христийн амиллаар биднийг амьд найдвар өөд, 4 мөхөшгүй, бузартаагүй, алга болчихгүй бөгөөд та нарын төлөө тэнгэрт хадгалагдсан өв өөд дахин төрүүлсэн. 5 Эцсийн үед илчлэгдэхэд бэлэн буй авралын төлөө та нар итгэлээрээ Бурханы хүчээр хамгаалагдсан ажээ. 6 Хэдийгээр та нар эдүгээ түр зуур, шаардлагатай бол элдвийн сорилтод зовсон ч үүндээ үлэмж баярладаг. 7 Ингэснээр итгэлийн чинь шалгуур галаар шалгагдах, мөхөх алтнаас ч илүү үнэтэй байж, Есүс Христийн илчлэл дээр магтаал, алдар, хүндэтгэлд хүрэх юм. 8 Та нар Түүнийг хараагүй ч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа ч Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг. 9 Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авна. 10 Энэхүү авралын тухайд гэвэл, та нарт ирэх нигүүлслийн тухай эш үзүүлцгээсэн эш үзүүлэгчид анхааралтай судалж, лавлан, 11 өөрсдөд нь байсан Христийн Сүнс аль үе болон хэнийг заасныг нягталж үзжээ. Учир нь Христийн зовлон ба дараа нь ирэх алдрыг Тэр урьдаас айлдсан байжээ. 12 Тэнгэрээс илгээгдсэн Ариун Сүнсээр та нарт сайнмэдээг номлосон хүмүүсээр дамжуулан эдүгээ та нарт тунхаглагдсан эдгээр зүйлийн тухайд эш үзүүлэгчид өөрсдөдөө бус, харин та нарт үйлчилж байсан болох нь өөрсдөд нь илчлэгдсэн юм. Тэнгэрэлчүүд ч үүнийг харахыг хүсдэг.

Ариун амьдрах дуудлага

   13 Тиймээс та нар оюун санаагаа үйлдэлд бэлтгэж, эрүүл ухаантай байж, Есүс Христийн илчлэл дээр та нарт өгөгдөх нигүүлсэлд найдвараа бүрэн тавь. 14 Дуулгавартай хүүхдүүдийнхээ хувьд, мэдэхгүй байхад чинь та нарт байсан урьдын хүсэл тачаалдаа бүү нийцүүл. 15 Харин та нарыг дуудсан Ариун Нэгэний адил өөрсдийн бүх л зан байдалдаа бас ариун байгтун. 16 Яагаад гэвэл “Би ариун учраас та нар ариун байгтун” гэж бичигдсэн юм. 17 Та нар ялгаварлалгүйгээр хүн бүрийг үйлсийнх нь дагуу шүүдэг Нэгэнийг Эцэг гэж дууддаг юм бол, энд байх хугацаандаа эмээн биеэ авч яв. 18 Ингэхдээ та нар эцэг өвгөдөөсөө өвлөсөн утгагүй амьдралаас алт, мөнгө мэтийн устах зүйлсээр бус, 19 харин гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганых адил Христийн үнэт цусаар золигдсоноо мэдэгтүн. 20 Ертөнцийн сууриас өмнө Тэр урьдаас мэдэгдсэн боловч цаг хугацааны төгсгөлд та нарын төлөө илчлэгдэв. 21 Та нар Түүгээр дамжин Бурханд итгэсэн юм. Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулж, Түүнд алдрыг өгчээ. Ингэснээр итгэл хийгээд найдвар чинь Бурханд байх юм. 22 Та нар үнэнд дуулгавартай байснаараа сэтгэлээ ариусгаж чин сэтгэлээс ах дүүсээ хайрлах болсон учир бие биенээ зүрхний гүнээс хайрлагтун. 23 Учир нь та нар устах үрээс бус, харин үл устах үрээс буюу Бурханы амьд, оршин буй үгээр дахин төрсөн билээ. 24 Учир нь

“Бүх махбод болбоос

өвс мэт бөгөөд

Бүхий л алдар нь

өвс ногооны цэцэг мэт.

Өвс хатдаг, цэцэг ганддаг.

25 Харин Эзэний үг

мөнхөд оршино.”

Энэ нь та нарт тунхаглагдсан үг мөн.