Нехемиа номыг 4 хэсэгт хуваан үзэж болно. Үүнд 1) Иудаг захирч байсан Персийн хаан, Иерусалим уруу Нехемиаг илгээсэн нь; 2) Иерусалимын ханыг сэргээн босгосон нь; 3) ЭЗЭНий хуулийг Езра ёслол төгөлдөр тунхаглаж ард түмэн нүглээ улайсан нь; 4) Иудагийн захирагч болсон Нехемиагийн үйл хэрэг гэсэн хэсгүүд багтана.
 Нехемиа, Бурханд гүн хамааралтай байж байнга залбирч буй нь энэ номын анхаарал татсан хэсэг юм.

Нехемиагийн залбирал

1 1 Хакалиагийн хүү Нехемиагийн үгс оршвой. Хорьдугаар оны Хислев сард намайг Суса цайзад байх үед 2 миний ах дүүсийн нэг болох Ханани, Иудагийн хүмүүстэй хамт ирцгээлээ. Амь мултрагсад, олзлолоос үлдсэн иудейчүүдийн талаар мөн Иерусалимын байдлыг би тэднээс асуулаа. 3 Тэд надад

 —Олзлолоос үлдэгсэд, аймагтаа туйлын зовлон зүдүүр, басамжлал амсаж, Иерусалимын ханан хэрэм нурж, гулдан хаалганууд нь галд шатсан гэв.

 4 Энэ үгсийг сонсмогц би доош суун уйлж, хэдэн өдрийн турш гашуудан, тэнгэрийн Бурханы өмнө мацаг барин ийнхүү залбирлаа.

 — 5 Аяа, тэнгэрийн Бурхан ЭЗЭН минь! Аугаа хийгээд сүрдэм Бурхан минь! Танд хайртай, тушаалуудыг тань сахигч хүмүүст өршөөл ба гэрээгээ сахигч ЭЗЭН минь! 6 Сонор тань соргог, мэлмий тань нээлттэй байж, зарц нар тань болох Израилийн хөвгүүдийн өмнөөс,Таны өмнө өдөр шөнөгүй залбирч байгаа зарцынхаа залбирлыг сонсооч. Танд, би болон миний эцгийн гэр тэрсэлсэн. Таны эсрэг тэрсэлсэн өөрсдийн нүглийг болон Израилийн хөвгүүдийн гэм нүглийг улайж байна. 7 Зарц Моседоо тушаасан тушаал, зарлиг болон шүүлтийг тань сахиагүй нь бид билээ. Танд хорон хандсан нь бас бид билээ. 8 Зарц Моседоо тушаан айлдсан үгээ Та санаач. Та “Хэрэв та нар үнэнч бус байвал Би та нарыг ард түмнүүдийн дунд тараана. 9 Харин та нар Над уруу эргэж, Миний тушаалуудыг сахин мөн үйлдвэл, та нар тэнгэрийн хамгийн алс хэсэгт туугдан тараагдсан байсан ч Би та нарыг тэндээс цуглуулж, нэрээ байлгах гэж Өөрийн сонгосон тэр газартаа аваачна” гэсэн билээ. 10 Таны аугаа хүч болон хүчирхэг мутраараа золин аварсан ард түмэн тань, зарц нар тань тэд билээ.

 11 Эзэн минь ээ! Таны сонор зарцынхаа залбиралд болон нэрийг тань эмээн хүндлэхийг хүсэгч зарц нарынхаа залбиралд соргог байж, зарцдаа зориулан энэ өдрийг амжилттай болгон, энэ хүний өмнө нигүүлслийг олуулаач гэв. Тэгэхэд би хааны сөнч байв.