Есүс Христийг Эзэн Бурхан гэдэгт итгэдгээсээ болж христитгэгчид хавчигдаж байх цагт элч Иохан энэ номыг бичжээ. Уншигчдадаа найдвар ба урам зориг өгөх, шаналал хавчлагын үед ч итгэлдээ үлдэхийг ятгах нь элчийн гол зорилго юм.
Номын ихэнх хэсэг нь бэлгэ тэмдгийн хэлбэрээр илэрхийлэгдсэн хэд хэдэн илчлэл ба зөгнөлөөс бүрдэх бөгөөд үүнийг тухайн цаг үеийн христитгэгчид ойлгож байсан байж болох ч бусад үеийнхэнд учир битүүлэг хэвээр байгаа билээ. Сэдвүүдийн нийцлийн хувьд ар араасаа залгасан янз бүрийн зөгнөлөөр дамжин сэдвүүд ахин дахин давтагдсан байдаг. Хэдийгээр номыг тайлбарласан олон янзын санал бодол байдаг боловч илэрхий гол санаа нь Бурхан эцсийн эцэст Есүс Христээр дамжин Сатаныг болон бусад дайснаа дарж, ялалт бүрэн төгс болох үед бүх итгэмжит хүн шинэ тэнгэр, шинэ газарт амьдрах ерөөлөөр шагнагдах тухай юм.

Оршил ба мэндчилгээ

1 Удахгүй болох ёстой юмсыг боолууддаа үзүүлэхийн тулд Бурханаас Түүнд өгсөн, Есүс Христийн илчлэл. Тэнгэрэлчээ Тэрээр илгээж, боол Иохандаа үүнийг мэдүүлсэнд тэрбээр Бурханы үг болон Есүс Христийн гэрчлэлийг мөн үзсэн бүхнээ гэрчилсэн болой. Энэхүү эш үзүүллэгийн үгсийг уншигч ба сонсогч мөн үүнд бичигдсэнийг сахигчид нь ерөөлтэй еэ! Учир нь цаг ойрхон байна.

 Иоханаас Ази дахь долоон чуулганд: Нигүүлсэл ба амар тайван нь, байгаа болон байсан мөн хожим ирэх Нэгэнээс болон Түүний сэнтийн өмнөх долоон сүнснээс бас итгэмжит гэрч, үхэгсдээс анх төрсөн бөгөөд газрын хаадын захирагч Есүс Христээс та нарт байх болтугай.

 Биднийг хайрладаг бөгөөд Өөрийнхөө цусаар биднийг нүглээс маань чөлөөлж, биднийг хаанчлал төдийгүй, Бурхан ба Эцэгийнхээ төлөөх тахилч нар болгосон Түүнд алдар хийгээд ноёрхол нь үеэс үед байх болтугай. Амен. Харагтун, Тэр үүлсийн хамт ирэх бөгөөд нүд бүр Түүнийг харна. Түүнийг жадалсан хүмүүс ч харна. Дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудах болно. Тийм ээ, Амен.

 Байгаа, байсан, мөн хожим ирэх Төгс хүчит Эзэн Бурхан “Альфа ба Омега нь Би байгаа юм” хэмээн айлдаж байна.

Христийн үзэгдэл

 Есүс доторх зовлон зүдүүр, хаанчлал, тэвчээрийг хамтран хуваалцагч ба ах дүү чинь болох Иохан би Бурханы үг болон Есүсийн гэрчлэлээс болж Патм хэмээх арал дээр байлаа. 10 Эзэний өдөр би Сүнс дотор байсан бөгөөд ард маань бүрээнийх мэт чанга дуу сонсогдож,

11 Чи юу харснаа номд бичиж Ефес, Смирна, Пергам, Туатейр, Сардей, Филаделфи, Лаодикт буй долоон чуулганд илгээ гэв.

12 Надтай ярьсан дуу хэнийх болохыг үзэхээр би эргэн харахдаа долоон алтан дэнг үзлээ. 13 Урт дээл өмсөж, цээжээрээ алтан бүс бүсэлсэн Хүний Хүү лугаа адил Нэгэн дэнгүүдийн дунд байлаа. 14 Түүний толгой ба үс нь цагаан ноос буюу цас адил цагаан агаад нүд нь галын дөл адил, 15 хөл нь зууханд улайсгаж өнгөлсөн хүрэл адил, дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. 16 Тэр баруун мутартаа долоон од барьж, хоёр талдаа иртэй хурц илд амнаас нь цухуйх бөгөөд нүүр нь хурцаар гэрэлтэх нар мэт байв.

17 Би Түүнийг хармагц хөлд нь, үхсэн мэт уналаа. Баруун мутраа над дээр Тэр тавиад

—Бүү ай. Эхэн ба эцэс нь Би бөгөөд 18 амьд Нэгэн мөн. Би үхсэн байсан. Гэвч харагтун! Би үеийн үед амьд бөгөөд Надад үхлийн ба Үхэгсдийн орны түлхүүр бий. 19 Тиймээс чи юу харснаа, юу байгааг болон эдгээрийн дараа юу тохиолдохыг бичигтүн. 20 Чиний харсан, баруун мутарт минь буй долоон од болоод долоон алтан дэнгийн нууцын тухайд, долоон од нь долоон чуулганы тэнгэрэлч бөгөөд долоон дэн нь долоон чуулган юм.