Персийн хааны өвлийн ордонд болж өрнөсөн Естер номын гол өгүүлэмж нь еврейчүүдийг устгах санаатай дайснаас ард түмнээ гайхам эр зориг, зориулсан сэтгэлээрээ аварч чадсан, еврейчүүдийн баатар Естер бүсгүйн эргэн тойрны үйл явдал юм. Энэ номд еврейчүүдийн Пурим баярын утга болон цаадах учрыг тайлбарладаг.

Ваштийг хатан суудлаас буулгав

1 1 Энэ нь Ахашверошийн өдрүүдэд болов. Ахашверош нь Энэтхэгээс Етиоп хүртэлх зуун хорин долоон аймгийг хаанчилж байжээ. 2 Суса цайзнаа Ахашверош хаан сэнтийдээ залран байсан тэр өдрүүдэд буюу 3 хаанчлалынхаа гуравдугаар онд өөрийн бүх ноён болон албат нартаа зориулан найр хийв. Перс, Медийн цэргийн хүчин мөн ихэс дээдэс болон аймгуудынх нь засаг ноёд өмнө нь байсанд 4 тэрээр хаанчлалынхаа үлэмж баян чинээлгийг болон өөрийнхөө цог жавхлан, агуу сүр хүчийг олон өдрийн турш, зуун наян хоног харуулав. 5 Энэ өдрүүдийг дуусахад хаан Суса цайзад ихэс дээдээс эгэл дордод нь хүртэл бүх хүнд зориулан хааны ордны цэцэрлэгийн хашаанд долоо хоног үргэлжилсэн найр хийв. 6 Тэнд нил өнгийн нарийн маалинган уяануудаар мөнгөн гархинууд болон гантиг баганануудтай холбогдсон цагаан болон хөх ягаан өнгийн нарийн маалинган хөшигнүүд байв. Мөн эрээн чулуу, гантиг, тана болон эрдэнийн чулуунуудыг шигтгэн зассан зам дээр алтан, мөнгөн буйдангууд байлаа. 7 Зүсэн бүрийн алтан сав суулгаар ууш ундаа түгээсэн бөгөөд хааны өгөөмөр хишгээс усан үзмийн дарс халгиж цалгиж байлаа. 8 Уухыг хууль зарлигаар зөвшөөрсөн бөгөөд хязгаарлалт байсангүй. Учир нь хүн бүр тааллаараа байж болно гэж хаан ордныхоо албатуудад тогтоожээ. 9 Хатан Вашти мөн хаан Ахашверошийн хааны өргөөнд эмэгтэйчүүдэд зориулан найр хийв.

 10 Долоо дахь өдөр хааны зүрх дарсанд хөгжин баясах үеэр хаан Ахашверош өмнөө үйлчилж байсан долоон тайган Мехуман, Бизта, Харбона, Бигта, Абагта, Зетар болон Каркас нарт айлдахдаа, 11 хатан Ваштийн гоо үзэсгэлэнг ард түмэн болон засаг ноёдод харуулахын тулд түүнийг хатны титэмтэй нь хааны өмнө авчрахыг тушаав. Учир нь тэр ихэд үзэсгэлэнтэй ажээ. 12 Гэвч хатан Вашти тайгануудын гараар дамжуулсан хааны айлдвар ёсоор ирэхээс татгалзав. Тэгэхэд хаан ихэд уурсан цээжинд нь хилэн дүрэлзэв. 13 Тэгээд хаан хууль ёсоо мэддэг мэргэн хүмүүстэй ярилцан (Учир нь хууль цааз болоод шударга ёсыг мэддэг бүхний өмнө хааны ёс заншил ийм байв. 14 Тэгэхэд Перс болон Медийн долоон ноён, хааны шадрууд Каршена, Шетар, Адмата, Таршиш, Мерес, Марсена болон Мемукан нар түүнд бараа болон хаант улсынхаа дотор дээгүүр залардаг байлаа.)

 — 15 Тайгануудаар биечлэн дамжуулсан хаан Ахашверошийн айлдлагын дагуу үйлдээгүй хатан Ваштийг хуулийн дагуу бид хэрхэх ёстой вэ? гэсэнд, 16 хаан хийгээд шадар түшмэдийн өмнө Мемукан ийн өгүүлэв.

 —Хатан Вашти зөвхөн хааны өмнө ч биш мөн хаан Ахашверошийн бүх аймаг дахь засаг ноёд болон хамаг олны өмнө бурууг үйлдэв. 17 Учир нь хатны үйлдэл бусад эмэгтэйчүүдэд хүрэх аваас энэ нь тэднийг “Хаан Ахашверош хатан Ваштийг өөрийн өмнө авчрахыг тушаан айлдахад тэр ирээгүй” гээд нөхрүүддээ хүндэтгэлгүй хандахад хүргэх болно. 18 Энэ өдөр хатны үйлдлийг сонссон Перс болон Медийн сурвалжит эмэгтэйчүүд мөн хааны хамаг ноёдтой ийн ярих бөгөөд жигшил зэвүүцэл, уур хилэн ихсэх болно. 19 Хэрэв хаан үүнийг таалбал, хаан Ахашверошийн өмнө Вашти цаашид ирэх ёсгүй гэсэн хааны зарлигийг гарган үүнийг хүчингүй болгохгүйн тулд Перс болон Медийн хуульд бичигдэг! Мөн хатан байр суурийг нь түүнээс илүү зохистой өөр бүсгүйд хаан өгөг! 20 Тэгээд хааны гаргах цааз жаягийг түүний агуу хаант улс даяар сонсгоход эмэгтэйчүүд бүгд нөхрүүдээ их ч бай, дорд ч бай хүндлэх болно гэв. 21 Энэ үг хаан болон ноёд түшмэдийнх нь таалалд нийцэж, Мемуканы хэлснийг хаан ёсоор болгов. 22 Тэрээр хааны бүх аймагт, аймаг бүрийн бичиг үсгээр, ард түмэн бүрийн хэлээр, эр хүн бүр гэртээ эзэн байж, төрөлх хэлээрээ ярьдаг байх ёстой гэсэн захидлуудыг илгээв.