Европын хөрсөн дээр байгуулсан анхны чуулган нь болох Ромын Македони мужийн Филиппой дахь чуулганыханд Паул энэ захидлаа бичжээ. Захидлыг бичих үед элч Паул шоронд байсан бөгөөд түүний хувьд Христийг дэлгэрүүлэгч бусад ажилчид эсэргүүцэл, төвөг учруулж мөн Филиппойн чуулганд хуурамч сургаал заагдсан явдалд сэтгэлээр унасан хүнд үе байв. Гэсэн хэдий ч энэ захидал баяр хөөр, итгэл найдвараар амьсгалж байдгийг зөвхөн Есүс Христэд итгэсэн Паулын гүн итгэлээр л тайлбарлаж болох юм.
    Чухал хэрэгцээтэй үед нь Паулд дэмжлэг явуулсан Филиппойн христитгэгчдэд талархах нь захидлыг бичих болсон гол шалтгаан байв. Хэдийгээр Паулд өөрт нь болоод Филиппойн чуулганыханд олон хэрэг явдал учраад байсан ч чуулганыхны итгэл зоригийг батжуулахын төлөө тэрээр энэ боломжийг ашигласан байна. Хувийн сонирхол, бардамналдаа эс автан, Есүсийн даруу төрхөөр явахыг Паул тэдэнд хандан уриалсан бөгөөд Есүстэй нэгдсэн тэдний амьдрал бол Еврейн хуулийн ёслолуудыг дагаснаар олдсон бус харин итгэлээр дамжин өгөгдсөн Бурханы бэлэг юм гэдгийг сануулжээ. Христтэй нэгдэж амьдрагсдад Бурханы өгсөн баяр хөөр амар тайвны тухай ч бас бичсэн байна.
   Итгэл, амьдралын баяр хөөр, найдвар, эв нэгдэл болоод цөхөршгүй зан чанарын тухай чухалчлан авч үзсэн байдгаар нь энэ захидлыг онцлох нь бий бөгөөд Филиппойн чуулганыхныг гэсэн Паулын гүн их хайрыг бид мөн эндээс харж чадна.

Мэндчилгээ 

  1 1 Христ Есүсийн боол Паул Тимот нараас Филиппойд буй Христ Есүс доторх бүх ариун хүмүүс ба харгалзагч, үйлчлэгч нарт. 2 Бидний Эцэг Бурханаас хийгээд Эзэн Есүс Христээс нигүүлсэл, амар тайван нь та нарт байх болтугай.

Паулын залбирал

  3 Та нарыг дурсах бүрдээ би Бурхандаа талархан, 4 та бүгдийн төлөө залбирах бүрдээ би үргэлж баяр хөөртэйгөөр залбирдаг нь 5 тэндэх эхний өдрөөс минь өнөөг хүртэл та нар сайнмэдээнд хуваалцагч болсны учир билээ. 6 Та нарт сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл төгс болгоно гэдэгт би бат итгэж байна. 7 Та нар зүрхэнд минь байдаг тул та бүгдийн талаар ингэж бодох нь надад зөв юм. Намайг сайнмэдээг хамгаалан батлахад ч, хүлээстэй байхад ч та бүгд надтай хамт нигүүлслийг хуваалцдаг билээ. 8 Христ Есүсийн сэтгэлээр та бүгдийг би хэрхэн үгүйлж байгаагийн гэрч нь Бурхан мөн. 9 Хайр чинь мэдлэг ба бүх хэрсүү ухаанаар улам бүр бялхах болтугай гэж би залбирдаг. 10 Ингэснээр та нар Христийн өдөр хүртэл цэвэр, гэмгүй байхын тулд аль сайныг дэмжих юм. 11 Ингэхдээ Бурханы магтаал ба алдрын төлөө Есүс Христээр ирэх зөвт байдлын үр жимсээр дүүрэн байгтун.

Паулын нөхцөл байдал

  12 Ах дүү нар аа, миний нөхцөл байдал сайнмэдээнд илүү дэвшил болж буйг та нар мэдээсэй гэж би хүснэм. 13 Миний хүлээс Христийн төлөө байгаа нь захирагчийн бүхэл ордонд болон бусад бүгдэд илэрхий болов. 14 Мөн ах дүү нарын ихэнх нь хүлээснээс минь болж Эзэнд итгэлтэй болж, Бурханы үгийг эмээлгүй ярих улам илүү зоригтой байна. 15 Зарим нь үнэндээ атаархал, өрсөлдөөнөөс болж Христийг тунхагладаг байхад зарим нь бас сайн санаанаас тунхагладаг билээ. 16 Сайнмэдээг хамгаалуулахаар намайг томилсныг тэд мэдээд Христийг хайраар тунхагладаг. 17 Нөгөө нь чин сэтгэлээсээ бус өрсөлдөх хүслийн үүднээс Христийг тунхагладаг. Ингэхдээ тэд хүлээстэй намайг шаналгана гэж бодож байна. 18 Тэгээд юу гэж! Хуурамч ч бай, үнэнээс ч бай аливаа замаар Христ тунхаглагдаж байна. Үүнд л би баярладаг. Мөн баярлах ч болно. 19 Та нарын залбирал болон Есүс Христийн Сүнсний туслалцаагаар суллагдах болно гэдгээ би мэддэг. 20 Юунд ч ичихгүй, харин бүрэн зоригтой байх юмсан гэсэн миний хүслэн болсон горьдлого болоод найдварын дагуу одоо ч урьдын адил амиар ч бай, үхлээр ч бай биед минь Христ өргөмжлөгдөх болно. 21 Миний хувьд амьдрах нь Христ, үхэх нь ололт юм. 22 Хэрэв би махбоддоо амьдрах аваас ажил минь үр жимстэй болох бөгөөд алийг нь сонгохоо би мэдэхгүй. 23 Би хоёр талаас шахагдаж байна. Эндээс одож, Христтэй хамт байхыг хүсэж байна. Энэ нь хол дээр юм. 24 Гэвч махбодоор үлдэх нь та нарын төлөө илүү чухал юм. 25 Би үлдэж, та нарын итгэлийн ахиц дэвшил болон баяр хөөрийн төлөө та бүгдтэй хамт байхаа мэдэж, үүндээ итгэлтэй байна. 26 Би та нарт эргэж очсоноор надаас болж сайрхал чинь Христ Есүсийн дотор бялхах болно. 27 Христийн сайнмэдээнд л зохистой амьдар. Тэгвэл би ирээд, та нарыг харлаа ч эсвэл байхгүй байлаа ч та нарыг сайнмэдээний итгэлийн төлөө нэг сэтгэлээр хамтдаа зүтгэж, нэг сүнс дотор бат зогсоцгоож 28 мөн эсэргүүцэгчдийн юунаас ч айж сүрдэхгүй байгааг чинь би сонсоно. Энэ нь тэдэнд сүйрлийн тэмдэг, харин та нарт Бурханаас ирдэг авралын тэмдэг юм. 29 Учир нь Христийн төлөө Түүнд зөвхөн итгэх бус, Түүний төлөө бас зовох нь та нарт соёрхогджээ. 30 Ингэхдээ та нар надаас харсан болон эдүгээ надад буй гэж сонсож байгаатай адил тэмцэлтэй байна.