ДУУЛАЛ 22

Дайсагнал ба шаналлаас

 гэтлэх гуйлт
Удирдаачид. Аиелет Хашшахар дээр.

 Давидын дуулал.

22 1 Бурхан минь, Бурхан минь,
Юунд Та намайг орхисон бэ?
Миний ёолох дуу, авралаас минь
Юунд Та хол байна вэ?
2 Бурхан минь ээ, би өдрөөр

 хашхирдаг ч
Та хариулдаггүй
Шөнөөр бас хашхирдаг ч
Надад хариу алга.
3 Гэвч Израилийн магтаал дунд

 сэнтийд залрагч аа,
Та ариун юм.
4 Эцэг өвгөд маань Танд итгэсэн
Тэд итгэсэн бөгөөд
Та тэднийг аварсан.
5 Тэд Тан уруу хашхирч,

 аврагдаж байв.
Тэд Танд итгэсэн бөгөөд

 ичгүүрт унасангүй.
6 Харин би өт, хүн биш!
Би хүмүүсийн буруушаал болж
Ард олонд жигшигдсэн юм.
7 Намайг хардаг бүхэн
Намайг тохуурхан инээдэг
Тэд уруулаа нээж,

 толгой сэгсрэн
8 “Тэр өөрийгөө ЭЗЭНд даатгасан
Тэр түүнийг авраг!
Тэр Түүнд баярладаг тул

 түүнийг авраг!” гэж

 байна.
9 Гэсэн ч Та намайг эхийн

 хэвлийгээс гаргасан Тэр мөн
Эхийнхээ хөхөөр байх үед
Та намайг итгүүлсэн.
10 Би төрөхөөсөө Танд даатгагдсан
Эхийнхээ хэвлийд байх

 үеэс минь
Та миний Бурхан байсан.
11 Зовлон шаналан ойрхон
Туслагч ганц ч алга тул
Надаас бүү холдооч.
12 Олон үхэр намайг хүрээлжээ.
Башаны хүчтэнүүд

 намайг бүсэлжээ.
13 Хуу татахаар архиран байгаа

 арслан шиг
Тэд над уруу амаа том ангайлган

 байна.
14 Намайг ус шиг асгасан бөгөөд
Бүх яс минь мултарсан.
Зүрх минь лааны тос адил
Дотор минь хайлсан.
15 Хүч минь шаазангийн хэлтэрхий

 шиг хатаж,
Хэл минь түүшиндээ наалдав
Та намайг үхлийн шороонд тавьжээ.
16 Учир нь, намайг ноход хүрээлжээ.
Ёрын мууг үйлдэгчдийн бүлэглэл
Намайг бүсэлжээ.
Тэд гар, хөлийг минь нэвт

 хатгалаа.
17 Би бүх ясаа тоолж чадна.
Тэд харж, над уруу

 гөлрөн ширтэнэ.
18 Тэд гадуур хувцсыг минь

 дундаа хувааж,
Хувцасны минь төлөө шодму.
19 Харин, ЭЗЭН, Та бүү холдооч
Миний хүч чадал аа,

 надад туслахаар хурдлаач.

20 Сэтгэлийг минь илднээс,
Ганц амийг минь

 нохойн эрхшээлээс авраач.
21 Намайг арслангийн амнаас авраач.
Зэрлэг үхрийн эврээс аварч,
Надад хариу өгөөч.
22 Таны нэрийг би
Ах дүүстээ хэлэх болно.
Чуулган дунд би
Таныг магтах болно.
23 ЭЗЭНээс эмээгчид ээ,

 Түүнийг магт.
Иаковын үр удам болох та бүгд
Түүнийг алдаршуул.
Израилийн үр удам болох та бүгд
Түүнийг хүндэтгэ.
24 Учир нь, Тэр зовогсдын зовлонг
Жигшээ ч үгүй, үзэн ядаа ч үгүй.
Тэр нүүрээ түүнээс нуугаа ч үгүй.
Харин тусламж гуйн түүнийг хашхирахад
Тэр сонссон юм.
25 Их чуулганы дунд магтаал минь
Танаас ирдэг.
Түүнээс эмээгчдийн өмнө
Би тангаргаа биелүүлнэ.
26 Ядуу нэгэн идэж, цадна.
ЭЗЭНийг эрэн хайгчид
Түүнийг магтах болно.
Та нарын зүрх мөнхөд

 амьд байх болтугай!
27 Газрын бүх зах хязгаар
ЭЗЭНийг санаж, Түүн уруу

 эргэх болно
Улс үндэстнүүдийн бүх ураг
Таны өмнө хүндэтгэн мөргөнө.
28 Учир нь хаанчлал нь ЭЗЭНийх
Тэрээр улс үндэстнүүдийг захирдаг.
29 Дэлхийн бүх хүн

 мэхийн хүндэтгэх болно
Чинээлэг нь ч, иддэгүүд ч
Шороон доор орогчид ч,
Амь үл хадгалагчид бүгд
Өмнө нь сөгдөнө.
30 Үр удмууд Түүнд зарагдах болно
Эзэний тухай ирэх үеүдэд

 яригдах болно.
31 Тэд ирж, Тэр үүнийг

 үйлдсэн гэдгийг,
Ирээдүйд төрөх хүмүүст
Зөв шударгыг нь зарлах болно.