Бага Азиас гаралтай Тимот хэмээх энэ залуугийн эх нь еврей, эцэг нь грек хүн байжээ. Тэрээр сайнмэдээ дэлгэрүүлэх Паулын аяны хамтран зүтгэгч, туслах нь байсан юм. Тимотод хандсан эхний захидлаа Паул сэтгэлийг нь зовоосон гурван зүйлийг шийдэхийн тулд бичжээ.
Юуны өмнө, чуулганд үүссэн хуурамч сургаалаас сэрэмжүүлсэн байдаг. Энэ сургаал нь еврей ба еврей бус санааны холимог агаад хүний ертөнц бол ёрын муу, авралыг зөвхөн тусгай нууц мэдлэг болоод зарим төрлийн хоол, гэрлэлт мэтээс татгалзсанаар олж авна гэх үнэмшил дээр суурилж байжээ. Захидал мөн чуулганы удирдагч болон туслагчид байх ёстой шинж чанарын дүрслэл бүхий чуулганы удирдлага ба мөргөлийн талаарх зааврыг агуулдаг. Эцэст нь хэрхэн Есүс Христийн сайн үйлчлэгч байх болон итгэгчдийн янз бүрийн бүлгүүдэд хандсан үүрэг хариуцлагын талаар Тимотод зөвлөсөн байна.

Мэндчилгээ 

     1 1 Бидний Аврагч Бурхан ба бидний найдвар Христ Есүсийн тушаалаар Христ Есүсийн элч болсон Паул би 2 итгэл доторх миний жинхэнэ хүүхэд Тимотод. Эцэг Бурхан ба бидний Эзэн Христ Есүсээс нигүүлсэл, өршөөл, амар амгалан нь байг.

Хуурамч багш нарын тухай сэрэмжлүүлгэ

   3 Би Македони уруу явахдаа, Ефест үлдээч гэж чамаас гуйсан нь өөр сургаал заахгүй байхыг чи зарим хүмүүст зааварлах 4 мөн итгэлээр Бурханд үйлчлэхийн оронд маргаанд хүргэдэг домгууд болон үл төгсөх угийн бичгүүдэд анхааралаа хандуулахгүй байхыг чамаар зааварлуулах гэсэн хэрэг юм. 5 Энэ зааварчилгааны зорилго нь цэвэр зүрх, сайн мөс чанар хийгээд хувиршгүй итгэлийн хайр юм. 6 Зарим нь эдгээрээс няцаж, дэмий чалчаанд хэлбийжээ. 7 Тэд хуулийн багш байхыг хүсдэг ч юу хэлж, юу баталж байгаагаа ч ойлгодоггүй аж. 8 Хэн нэгэн ёсоор нь хэрэглэвэл хууль нь сайн гэдгийг бид мэднэ. 9 Хууль нь зөв хүнд бус, харин хуульгүй, тэрслүү, сүсэг бишрэлгүй , нүгэлтнүүд, ариун бус болон бузар, эцэг эхээ хороогчид, алуурчид, 10 садарлагчид, ижил хүйстэнтэйгээ явалдагчид, хүн хулгайлагчид, худалчууд, тангаргаасаа няцагчид болон эрүүл сургаалыг эсэргүүцэгч бүхэнд зориулагджээ. 11 Энэ нь надад даалгагдсан, ивээлт Бурханы алдрын сайнмэдээний дагуу юм.

Нигүүлслийн төлөө талархал

     12 Намайг хүчирхэгжүүлж, итгэмжит хэмээн үзээд үйлчлэлд тавьсан бидний Эзэн Христ Есүст би талархдаг. 13 Би урьд нь доромжлогч, хавчигч, хүчирхийлэгч байсан ч өршөөлийг авав. Учир нь би үл итгэл дор мэдэхгүйгээр үйлдсэн юм. 14 Эзэний маань нигүүлсэл Христ Есүс дэх хайр ба итгэлийн хамт бялхаж байв. 15 Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн гэдэг нь итгэмжит бөгөөд бүрэн зөвшөөрөхөд зохистой үг мөн. Тэдний эхнийх нь би байна. 16 Тиймээс мөнх амийн төлөө Өөрт нь итгэх хүмүүст үлгэр дуурайл болгон Есүс Христ төгс тэвчээрээ эхлээд надад харуулснаар би өршөөлийг олж авсан юм. 17 Эрин үеүдийн Хаан, мөхөшгүй, үл үзэгдэх цор ганц Бурханд хүндлэл ба алдар нь үеийн үед байх болтугай. Амен. 18 Тимот хүү минь, чиний тухай урьд нь хийгдсэн эш үзүүллэгүүдийн “чи сайн тэмцлээр тэмцэгтүн” гэсэн тушаалыг би чамд даалгаж байна. 19 Ингэхдээ итгэл, сайн мөс чанараа сахь. Зарим нь үүнийг үл ойшоосноос итгэл нь, сүйрсэн хөлөг онгоц мэт болжээ. 20 Тэдний дунд Хуменай, Александр нар байна. Бурханыг доромжлохгүй байхад сургахын тулд би тэднийг Сатанд тушаасан.