ДУУЛАЛ 62 

Итгэлийн дуу
Удирдаачид: Иедутуны

дагуу Давидын дуулал.

62 1 Сэтгэл минь Бурханыг л
чимээгүйхэн хүлээнэ.
Аврал минь Түүнээс юм.
2 Ганцхан Тэр л миний хад,
Миний аврал,
Миний бат цайз
Би ихээр ганхахгүй.
3 Нурж буй хана,
Ганхаж буй хашаа мэт хүнийг
Алах гэж та нар бүгдээрээ
Хэдий болтол довтлох вэ?
4 Тэд түүнийг өндрөөс унагахаар

 хуйвалдав
Тэд худал хуурмагийг таашаажээ.
Тэд амаараа ерөөх боловч,
Дотроо харааж байна.                                          Села
5 Сэтгэл минь, Бурханыг л хүлээ,
Учир нь найдвар минь Түүнээс юм.
6 Зөвхөн Тэр л миний хад,
Миний аврал,
Миний бат цайз
Би ганхахгүй.
7 Бурханд миний аврал ба алдар
Бурханд миний хүч чадлын хад,
Хоргодох газар минь байдаг.
8 Хэзээд Түүнд итгэ, хүмүүс ээ
Түүний өмнө зүрхээ уудал.

Бурхан бидний хоргодох газар юм.

                                                                                                  Села
9 Доодос ердөө л амьсгал
Дээдэс гэдэг хоосон худал
Дэнсэн дээр тавих аваас
Тэд нийлээд амьсгал төдий
10 Сүрдүүлж авах явдалд бүү найд.
Тонож авах явдалд ч

 дэмий бүү дулдуйд.
Чадал чинээ өсөж нэмэгдвэл
Зүрхээ тэрэнд бүү тогтоо.
11 Хүч чадал Бурханых гэдгийг,
Бурхан нэг удаа айлдсан
Би хоёр удаа сонссон.
12 Эзэн, хайр энэрэл ч Таных
Учир нь Та хүн бүрд
Үйлдсэнийх нь дагуу хариулдаг.