ДУУЛАЛ 102

Мөнхийн Хаанаас тусламж эрэхүй
ЭЗЭНий өмнө гомдол шаналалаа

уудлах зовлонт хүний залбирал.

102 1 Аяа ЭЗЭН,

 залбирлыг минь сонсооч!

Миний хашхираан Танд хүрэг.
2 Зовлон шаналлын минь өдөр
Нүүрээ надаас бүү нуугаач.
Над уруу чихээ хандуулаач.
Миний дуудах өдөр
Надад даруйхан хариулаач.
3 Учир нь өдрүүд минь
утаа болон замхарч
Яснууд минь ч цуцал мэт төөнөнө.
4 Зүрх минь дарагдаж
Зүлэг ногоо шиг хагдрав.
Би талхаа идэхээ ч мартжээ.
5 Ёолох дуунаас минь болж
Яс минь махандаа наалдав.
6 Цөлийн бэгбаатартай ижилсэж,
Зэлүүд нутгийн шар шувуу шиг

 болжээ би.
7 Сэрүүн хэвтэж
Дээвэр дээрх ганцаардсан шувуу

 шиг болжээ, би.
8 Дайснууд минь намайг
өдөржингөө доромжилж,
Надад хорссон хүмүүс
Миний эсрэг харааж байна.
9 Үнсийг талх шиг идэж,
Уух усаа нулимстайгаа би

 хольсон нь
10 Зэвүүцэл ба хилэнгээс тань

 болсон юм.
Учир нь Та намайг

 дээш өргөөд, шидсэн.
11 Өдрүүд минь уртассан сүүдэр

 адил,
Өвс шиг гандан хатаж байна, би.
12 Харин ЭЗЭН Та мөнхөд оршино.
Нэр тань үеийн үед байх болой.
13 Та босож, Сионыг өрөвдөнө.
Учир нь түүнийг нигүүлсэх цаг
Тогтоосон цаг ирлээ.
14 Зарц нар тань түүний

 чулуунуудад баярлаж,
Тоос шороог нь ч нигүүлсдэг.
15 Ингээд үндэстнүүд

 ЭЗЭНий нэрээс,
Дэлхийн бүх хаад

 алдраас тань эмээнэ.
16 Учир нь ЭЗЭН

 Сионыг босгон байгуулж,
Цог жавхлангийнхаа дунд

 үзэгдэнэ.
17 Үгээгүйчүүдийн залбирлыг

 анхаарч,
Залбирлыг нь Тэрээр жигшихгүй.
18 Хожим бүтээгдэх ард түмэн
ЭЗЭНийг магтахын тулд
Энэ нь ирэх үеийнхэнд бичигдэнэ.
19 Учир нь Тэрээр
ариун өндөрлөгөөсөө өнгийн
Тэнгэрээс ЭЗЭН

 дэлхийг ширтсэн нь
20 Хоригдлын ёолохыг сонсож,
Үхэх хөвүүдийг чөлөөлж,
21 Сионд ЭЗЭНий нэрийг,
Иерусалимд Түүний магтаалыг
тунхаглахын тулд билээ.
22 ЭЗЭНд үйлчлэхээр

 ард түмэн болоод
Хаанчлалууд хамтдаа цуглахад
23 Зам зуур тэрээр

 чадлыг минь сулруулж,
Өдрүүдийг минь богиносгов.
24 Би хэлэхдээ “Бурхан минь ээ,
Өдрүүдийн минь дундаас

 намайг бүү аваач.
Жилүүд тань үеийн үед билээ.

25 Эрт үед дэлхийн суурийг

Та тавьсан.
Тэнгэрс ч мутрын тань

бүтээл юм.
26 Тэд мөхөх боловч

Та мөнх оршино.
Тэдгээр нь бүгд

өмсгөл адил элэгдэнэ.
Тэднийг Та хувцас шиг сольж,
Тэд солигдоно.
27 Харин Та хэвээрээ,
Таны он жилүүдэд эцэс үгүй.
28 Зарц нарын тань хөвгүүд

амьдарсаар,
Үр удам нь Таны өмнө бат

зогсоно” гэлээ.