“Бурханы Хүү Есүс Христийн сайнмэдээ” хэмээх тунхаглалаар энэ ном эхэлдэг. Есүсийг хүчит үйлстэн бөгөөд эрх мэдэлтэн хэмээн дүрсэлж, энэхүү эрх мэдэл нь Түүний сургаал, чөтгөрүүдээс дээгүүрх хүч чадал, нүглийн уучлал зэргээр илэрхийлэгджээ. Тэрээр өөрийгөө “хүмүүсийг гэмээс нь чөлөөлөхийн тулд амиа өгөхөөр ирсэн Хүний Хүү” гэж хэлж байна.
Бичигч бээр Есүсийн тухай илэн далангүй эрс шулуухан өгүүлэхдээ Түүний хүчит үйлсийг үг сургаалаас нь илүү онцгойлсон байна. Баптисч Иоханы тухай мөн Есүсийн соригдсон талаар номын эхэнд товч дурдаад Есүсийн эдгээх ба сургаал заах үйлчлэлийн тухай шууд өгүүлжээ. Дагалдагчид нь яваандаа Есүсийг илүү ойлгохын сацуу эсэргүүцэгчид ч улам өширхөж байсан юм. Төгсгөл бүлэгт дэлхий дээр Есүсийн өнгөрүүлсэн сүүлчийн долоо хоногийн онцлог үйл явдал болох цовдлогдсон ба амилсан түүх гарна.
Эл сайнмэдээний төгсгөл хоёр янз бөгөөд хаалтанд байгаа хэсгийг Маркаас өөр хүн бичсэн гэж үздэг.

Баптисч Иоханы тунхаглал

(Мт 3:1–12; Лк 3:1–18; Иох 1:19–28)

1 1 Бурханы Хүү Есүс Христийн сайнмэдээний эхлэл.

Эш үзүүлэгч Исаиагийн номд

«“Харагтун, Би түрүүнд чинь зарлага элчээ илгээнэ.

Тэрээр замыг чинь бэлтгэнэ” гэсэнчлэн

Цөлд хашхирагч нэгний дуу нь

“Эзэний замыг бэлтгэцгээ,

Жимийг нь шулуун болгогтун” гэнэ»

гэж бичигджээ. 4 Баптисч Иохан цөлд гарч ирэн, баптисм хүртээж, нүгэл уучлагдах гэмшлийн баптисмыг тунхаглаж байлаа. Бүх Иудей нутгийнхан, Иерусалимынхан бүгд түүн дээр очоод, нүглээ улайн, Иордан голд түүгээр баптисм хүртэж байв. Иохан тэмээний хялгасан хувцастай агаад бүсэлхийдээ суран бүстэй аж. Тэрээр царцаа, зэрлэг зөгийн бал иддэг байв. Тэр тунхаглахдаа

—Харин Надаас илүү хүчирхэг Нэгэн миний араас ирж байна. Би бөхийж Түүний шаахайн үдээсийг ч тайлах үнэ хүндгүй. Би та нарт усаар баптисм хүртээсэн, харин Тэр та нарт Ариун Сүнсээр баптисм хүртээнэ гэв.

Есүс баптисм хүртэв

(Мт 3:13—4:11; Лк 3:21–22)

 Тэр өдрүүдэд Галилын Назар хотоос Есүс ирж, Иордан голд Иоханаас баптисм хүртжээ. 10 Уснаас гарч ирсэн даруйд нь тэнгэр заагдан, Сүнс тагтаа мэт Өөр дээр нь буухыг Тэр үзэв. 11 Тэнгэрээс дуун гарч

—Хайрт Хүү минь Чи билээ. Таалал минь Чамд оршдог гэв.

Есүс соригдсон нь

(Лк 4:1–13)

 12 Тэр даруй Сүнс Есүсийг цөл уруу гаргав. 13 Есүс Сатанд сориулан цөлд дөч хоног байв. Тэнд Тэр зэрлэг амьтдын дунд байсан бөгөөд тэнгэрэлч нар Түүнд үйлчилж байлаа.

Галилд үйлчлэлээ эхлэв

 14 Иоханыг баривчлагдсаны дараа Есүс Галилд ирж, Бурханы сайнмэдээг тунхаглан

15 Тэр цаг биелэлээ оллоо. Бурханы хаанчлал айсуй. Гэмшиж, сайнмэдээнд итгэгтүн гэж байлаа.

Есүсийн анхны шавь нар

(Мт 4:12–22; Лк 4:14–15; 5:1–11)

 16 Есүс Галил нуурын эргээр явж байхдаа, нуурт тор шидэж буй Симон, түүний дүү Андрей нарыг харав. Тэд загасчид аж. 17 Есүс тэдэнд

—Намайг дага. Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно гэлээ. 18 Тэд тэр даруй тороо орхиж, Түүнийг дагалаа. 19 Тэр жаахан цааш яваад Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан нарыг завин дотроо тороо сэлбэж буйг харав. 20 Тэр даруй Есүс тэднийг дуудсанд тэд эцэг Зебедеегээ хөлсний ажилчдын хамт завинд орхиод, Түүнийг дагалаа.

Бузар сүнстэй хүн

(Лк 4:31–37)

 21 Тэд Капернаумд ирэв. Амралтын өдөр Есүс даруй синагогт орж заав. 22 Хүмүүс сургаалыг нь гайхаж байлаа. Учир нь Есүс хуулийн багш нар шиг бус, эрх мэдэлтэй Нэгэний хувьд тэдэнд зааж байв. 23 Тэр үед тэдний синагогт бузар сүнстэй нэгэн хүн байв. Тэр хашхиран

24 Назарын Есүс ээ! Бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг устгахаар ирэв үү? Таны хэн болохыг, Бурханы Ариун Нэгэн гэдгийг би мэднэ гэв. 25 Есүс түүнийг зандарч

—Дуугүй бай. Түүнээс гар гэв. 26 Бузар сүнс тэр хүнийг унагаж татвалзуулаад, чанга дуугаар орилон түүнээс гарав. 27 Бүгд гайхаж, өөр хоорондоо асуун

—Энэ чинь юу вэ? Эрх мэдэлтэй шинэ сургаал байна! Тэр бузар сүнснүүдэд эрх мэдлээр тушаахад тэд Түүнд дуулгавартай байна гэж байлаа. 28 Түүний тухай зар тэр даруй Галил орчмын бүх нутгаар тархжээ.

Есүс Симоныд олныг эдгээв

(Мт 8:14–17; Лк 4:38–41)

 29 Синагогаас гарч ирсэн даруйдаа тэд Иаков Иохан нарын хамт Симон Андрей хоёрын гэрт очив. 30 Симоны хадам эх халуураад хэвтэж байлаа. Тэд Есүст даруй түүний тухай хэлэхэд 31 Тэр түүн уруу очиж гараас нь барин босгомогц халуун нь арилж, тэр эмэгтэй босоод тэдэнд үйлчлэв.

 32 Тэр орой нар жаргах үеэр тэд өвчтэй ба чөтгөр шүглэсэн олон хүнийг Түүнд авчрав. 33 Хотынхон бүгдээрээ үүдэнд нь цугласан байлаа. 34 Есүс төрөл бүрийн өвчтэй олон хүнийг эдгээсэн бөгөөд олон чөтгөрийг зайлуулахдаа, юм ярихыг чөтгөрүүдэд эс зөвшөөрөв. Учир нь Түүнийг хэн гэдгийг тэд мэдэж байсан юм.

Галилаар аялан тунхаглав

(Лк 4:42–44)

 35 Үүр шөнөөр Тэр босоод гадагш гарч зэлүүд газар очин, тэндээ залбирч байв. 36 Симон болон хамт байгсад нь Түүнийг хайж, 37 олоод

—Бүгд Таныг эрж байна гэхэд 38 Есүс

—Цөмөөрөө зэргэлдээх суурингуудад очицгооё. Би тэнд ч бас тунхаглах болно. Учир нь Би үүний төлөө ирсэн билээ гэж айлдав. 39 Есүс, Галил даяар явахдаа синагогуудад нь очиж тунхаглан, чөтгөрүүдийг зайлуулж байлаа.

Уямангаас цэвэршүүлэв

(Мт 8:1–4; Лк 5:12–16)

40 Уяман өвчтөн Түүн дээр ирээд, өмнө нь сөгдөж

—Та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ гэж гуйхад 41 Тэр өрөвдөн гараа сунгаж түүнд хүрээд

—Би хүсэж байна. Цэвэрш гэхэд 42 тэр даруй уяман өвчин нь түүнээс зайлж, тэрээр цэвэршжээ. 43 Есүс түүнд хатуу сануулаад, даруй түүнийг явуулав. 44 Тэр түүнд

—Хэнд ч бүү ярь! Харин явж, өөрийгөө тахилчид үзүүл. Тэдэнд гэрчлэхийн тулд цэвэршсэнийхээ төлөө Мосегийн тогтоосон өргөлийг өргө гэж айлдав. 45 Гэтэл тэр гараад болсон бүхнийг зарлаж эхэлсэн ба үүнээс болоод Есүс хотод ил явах боломжгүй болж, зэлүүд газраар байх болов. Тэд зүг бүрээс Түүнийг зорин ирсээр байлаа.