Гэтлэл гэсэн үг грекээрээ “одох”, “гарах”, “аялах”, “талийх”, “салах”, “төгсөх” гэх мэт утгатай бөгөөд израильчууд Египетийн боолчлол, Улаан тэнгис, Син, Синаи, Шур, Паран бусад цөлийг гэтлэн гарсан тухай Израилийн түүхэн чухал үйл явдалтай холбоотой юм. Уг ном 1) Еврейчүүд боолчлолоос салсан нь; 2) Синаи уул тийш аялсан нь; 3) Синаи ууланд ард түмэнтэйгээ хийсэн Бурханы гэрээ буюу ёс суртахууны, иргэний ба шашны хууль; 4) Мөргөлийн асар, эд хэрэглэл нь урлагдаж, мөргөл өргөх болон тахилч нарын талаар хууль өгөгдсөн нь гэсэн дөрвөн үндсэн хэсэгтэй.
Номын гол өгүүлэмж нь ард түмнээ боолчлолоос чөлөөлж, ирээдүйдээ итгэх найдвар өвөрлөсөн улс үндэстэн болгохын төлөө Бурхан юу хийснийг дүрсэлдэг. Харин хүний талаас гарч буй гол дүр нь ард түмнээ Египетээс дагуулан гарахаар Бурханаар сонгогдсон Мосе юм. Номоос олноо хамгийн их танигдсан хэсэг бол арван тушаал билээ. (20:1–17)

1
1 Гэрийнхнээ дагуулж Иаковтай хамт Египетэд очсон Израилийн хөвгүүдийн нэрс нь 2 Реубен, Симеон, Леви, Иуда, 3 Иссахар, Зебулун, Бениамин, 4 Дан, Нафтали, Гад, Ашер нар юм. 5 Иаковын үр удам бүгд далан хүн бөгөөд харин Иосеф Египетэд байлаа. 6 Иосеф хийгээд түүний ах дүү нар мөн тэр үеийнхэн бүгд өөд болов. 7 Гэвч Израилийн хөвгүүд үржиж, өнөржин олширч, улам хүчтэй болсоор тэд тэр газрыг дүүргэв.

Дарлагдсан израильчууд

8 Иосефыг мэдэхгүй шинэ хаан Египетэд гарч иржээ. 9 Тэрээр ард түмэндээ

—Үзэгтүн! Израилийн хөвгүүдийн ард түмэн биднээс олон бас хүчтэй боллоо. 10 Тэдэнд нарийн ухаанаар хандацгаая. Тэгэхгүй бол тэд олширч, дайн гарах үед биднийг үзэн яддаг хүмүүстэй нийлэн бидний эсрэг байлдаж энэ газраас гарах болно гэв. 11 Ингээд тэднийг хүнд хүчир ажлаар туйлдуулахын тулд тэдний дээр ажил хянагчдыг тавив. Тэд Фараонд зориулж Питом, Рамесес гэдэг агуулах хотуудыг барилаа. 12 Гэвч тэднийг хэдийчинээ зовоох тусам тэд төдийчинээ олширч, улам бүр тархлаа. Тиймээс египетчүүд Израилийн хөвгүүдээс болж айдаст автав. 13 Египетчүүд Израилийн хөвгүүдийг ажилд албадан шахав. 14 Тэднийг албадан шахсан хүнд хүчир ажлууд болох шавар зуурах, тоосго цохих мөн хээрийн янз бүрийн ажлаар тэдний амьдралыг египетчүүд гашуун зовлонтой болгов. 15 Дараа нь Египетийн хаан нэгийг нь Шифра, нөгөөг нь Пуа гэдэг еврей эх баригч нарт

—  16 Та нар еврей эмэгтэйчүүдийг амаржихад нь эх барихдаа хүү байхыг харвал үхүүлж, харин охин байвал амьд үлдээ гэв. 17 Гэтэл эх баригч нар Бурханаас эмээж, Египетийн хааны тушааснаар эс үйлдэн, хөвгүүдийг амьд үлдээв. 18 Тиймээс Египетийн хаан эх баригч нарыг дуудаж, тэдэнд

— Та нар юунд ийм юм хийж хөвгүүдийг амьд үлдээв? гэв. 19 Эх баригчид Фараонд

— Еврей эмэгтэйчүүд египет эмэгтэйчүүдтэй адилгүй юм. Тэд хүч тэнхээтэй болохоор эх баригчийг тэдэн дээр ирэхээс өмнө төрчихсөн байх юм гэж хариулав. 20 Иймээс Бурхан эх баригчдад сайнаар ханджээ. Ард түмэн олширч, маш хүчирхэг болов. 21 Эх баригчид Бурханаас эмээсэн тул Тэр тэдэнд гэр бүл бий болгож өгчээ. 22 Тэгэхэд Фараон бүх ард түмэндээ — Шинээр төрсөн хүү бүрийг та нар Нил мөрөнд хаяж, охин бүрийг амьд үлдээ гэж тушаав.