Энэ захидлын хоёр гол зорилго нь Бурхан ба Түүний хүү Есүс Христтэй нөхөрлөн амьдрахыг уншигчдадаа ятгах, энэхүү нөхөрлөлийг сүйтгэж чадах хуурамч сургаалаас сэрэмжүүлэх явдал ажээ. Эдгээр сургаал нь нүгэл бол махбодын ертөнцийн үр дүн тул Бурханы Хүү Есүс үнэндээ хүний биеэр оршиж байгаагүй гэх итгэл үнэмшил дээр суурилж байв. Тэдний багш нар энэ ертөнцийн санаа зовнилоос чөлөөлөгдөх нь аврагдах явдал бөгөөд үүнд ёс суртахуун ба бусдыг хайрлах талаар хийгээд байх зүйл байхгүй гэж зааж байв.
Элч Иохан энэ мэт сургаалыг эсэргүүцэн Есүс Христ хүний биеэр оршиж байсан хэмээн тодорхой мэдэгдэж, Есүст болон Бурханд хайртай хүн бүр бие биенээ хайрладаг гэдгийг онцолжээ.

Амийн Үг

   1 1 Эхнээсээ байсан бөгөөд бидний сонсож, нүдээрээ үзэж, харж, гараараа барьж үзсэн амийн Үгийн тухай. 2 Тэрхүү амь нь илчлэгдсэн, Эцэгтэй хамт байсан бөгөөд бидэнд илчлэгдсэн мөнх амийг бид үзсэн, мөн та нарт гэрчилж, тунхаглаж байна. 3 Бид үзсэн, сонссоноо та нарт мөн тунхагласнаар та нар бас бидэнтэй нөхөрлөх юм. Үнэхээр бид Эцэг ба Түүний Хүү Есүс Христтэй нөхөрлөнө. 4 Баяр баясгалангаа гүйцэд болгоё гэсэндээ бид үүнийг бичлээ.

Бурхан бол гэрэл

    5 Бурхан бол гэрэл, Түүний дотор харанхуй огт үгүй гэдэг нь бидний Түүнээс сонссон мэдээ бөгөөд та нарт тунхаглаж байна. 6 Бид Бурхантай нөхөрлөдөг гэж яриад, харанхуйд алхваас бид худал хэлдэг, үнэнийг үйлддэггүй ажээ. 7 Харин Тэр Өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал, бид бие биентэйгээ нөхөрлөж, Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ. 8 Бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга. 9 Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ. 10 Бид нүгэл үйлдээгүй гэж хэлбэл, бид Түүнийг худалч болгож байгаа хэрэг бөгөөд бидэнд Түүний үг алга.