98 1ЭЗЭНд шинэ дууг дуулагтун.
Учир нь Тэрээр гайхамшигтай зүйлсийг үйлдсэн бөгөөд
Түүний баруун гар ба Түүний ариун мутар Түүнд авралыг гүйцэтгэсэн.
2ЭЗЭН Өөрийн авралыг мэдүүлсэн.
Тэрээр үндэстнүүдийн нүдэнд Өөрийн зөв шударга байдлыг илчилсэн.
3Тэрээр Израилийн гэрт хандсан Өөрийн хайр энэрэл ба итгэлтэй байдлаа санасан.
Дэлхийн зах хязгаар бүр бидний Бурханы авралыг үзсэн юм.

4Бүх дэлхий ЭЗЭНд баяртайгаар хашхирагтун.
Дуу гарган, баярлан дуулж, магтан дуулагтун.
5Ятгаар болон ая эгшгээр,
Ятгаар ЭЗЭНд магтан дуулагтун.
6Бүрээнүүд болон эвэр бүрээний дуугаар
ЭЗЭН болох Хааны өмнө баяртайгаар хашхирагтун.

7Далай болон түүний доторх бүх юмсыг,
Ертөнц болон түүн дотор оршигч бүхнийг нүргэлүүл.
8ЭЗЭНий өмнө гол мөрнүүдийг алга ташуулан,
Уул нуруудыг баярлан дуулуул.
9Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна.
Тэрээр ертөнцийг зөв шударгаар,
Хүмүүсийг тэгш ёсоор шүүх болно.