40 1Би ЭЗЭНийг тэвчээртэйгээр хүлээсэн.
Тэр над уруу ойртож, миний хашхирахыг сонссон.
2Тэр намайг сүйрлийн нүхнээс,
шавар шавхайнаас татан гаргаж,
Алхмыг минь бат бэх болгон миний хөлийг хадан дээр тавьсан.
3Тэр миний аманд шинэ дуу болох бидний Бурханд өргөх магтаалын дууг оруулав.
Олон хүн хараад эмээж,
ЭЗЭНд итгэх болно.

4ЭЗЭНийг өөрийн итгэлээ болгож,
Бардамнагчид, эсвэл хуурмаг уруу хазайгчид уруу эргээгүй хүн ерөөлтэй еэ!
5Миний Бурхан ЭЗЭН, Таны үйлдсэн гайхамшгууд болоод
Биднийг бодсон Таны бодол санаанууд олон юм.
Тантай эн зэрэгцэхүйц хэн ч байхгүй.
Би тэдгээр гайхамшгуудыг зарлан хэлье гэсэн ч тэд тоолшгүй олон юм.

6Тахил болон идээн өргөлийг Та хүсээгүй.
Та чихийг минь нээсэн.
Шатаалт тахил болон нүглийн төлөөх тахилыг Та шаардаагүй.
7Тэгэхэд би “Харагтун, би ирлээ.
Хуйлмал номд миний тухай бичсэн байдаг.
8Бурхан минь ээ, би Таны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярладаг юм.
Таны Хууль миний зүрхэнд бий” гэж хэлсэн.

9Би зөв шударга байдлыг агуу их цуглаанд тунхагласан.
ЭЗЭН, харагтун, би уруулаа хамхихгүйг
Та мэднэ шүү дээ.
10Би Таны зөв шударга байдлыг зүрхэндээ нууцлаагүй.
Би Таны итгэлтэй байдал хийгээд Таны авралын талаар тунхагласан.
Би Таны хайр энэрэл хийгээд Таны үнэнийг агуу их цуглаанаас нуугаагүй.

11ЭЗЭН, Та Өөрийн өршөөлийг надаас бүү зайлуулаач.
Өөрийн хайр энэрэл хийгээд үнэнээр намайг үргэлж хамгаалаач.
12Учир нь тоо томшгүй бузрууд намайг тойрчээ.
Би харж чадахгүй болтол гэм буруундаа баригджээ.
Тэдгээр нь миний толгой дахь үснээс ч илүү олон бөгөөд зүрх минь ч мохжээ.

13ЭЗЭН, намайг аврахаар таалаач.
ЭЗЭН, надад туслахаар хурдлаач.
14Миний амийг устгахаар хайгчдыг
Хамтад нь ичгүүрт унагаж, дорд болгооч.
Намайг шархлахад баярлагчдыг
Ухрааж, шившиг болгооч.
15Надад “Ха, ха!” гэгчдийг
Өөрсдийнх нь ичгүүрээр сүрдүүлээч.
16Таныг эрэн хайгч бүхнийг Өөрийнхөө дотор баярлуулаач.
Таны авралыг хайрлагсдаар
“ЭЗЭН дээдлэгдэх болтугай” гэж үргэлж хэлүүлээч.
17Би зовж зүдэрсэн, гачигдсан болохоор Эзэн намайг бодох болтугай.
Та бол миний тусламж хийгээд миний аврагч.
Бурхан минь ээ, бүү хойшлуулаач.