16 1Намайг хамгаалаач Бурхан,
Учир нь би Таны дотор хоргоддог.
2Би ЭЗЭНд “Та бол миний Эзэн.
Танаас өөр сайн сайхан гэж надад үгүй” гэж хэлэв.
3Газар дэлхийд байгаа ариун хүмүүсийн тухайд
Тэд гойд сайн бөгөөд миний бүх баяр жаргал тэдэнд байдаг.
4Өөр бурханд хандагчдын гуниг зовлонгууд нэмэгдэнэ.
Би тэдний цусан ундаан өргөлийг өргөхгүй,
Тэдний нэрийг ч уруулаараа дуудахгүй.

5ЭЗЭН бол миний өвийн болон миний аяганы хувь юм.
Та миний хувь ногдлыг тэтгэдэг.
6Надад тааламжтай газарт зураасуудыг татжээ.
Миний өв наддаа үнэхээр сайхан.

7Надад зөвлөсөн ЭЗЭНийг би магтана.
Шөнөөр ч оюун бодол минь намайг сургадаг.
8Би ЭЗЭНийг өөрийн өмнө үргэлж байхаар тавьсан.
Тэр миний баруун гар талд байгаа учраас би ганхахгүй.
9Тиймээс миний зүрх баярлаж, алдар минь ч баясдаг.
Миний бие ч аюулгүй аж төрнө.
10Учир нь Та миний сэтгэлийг Үхэгсдийн оронд орхихгүй.
Та Өөрийн Ариун Нэгэнд ч ялзрахыг зөвшөөрөхгүй.
11Та надад амийн замыг таниулна.
Таны өмнө л баяр хөөр дүүрэн байдаг.
Таны баруун мутарт үүрд баяр жаргал байдаг.