144 1Миний гарыг дайтахад болоод
Миний хурууг тулалдахад бэлтгэдэг,
Миний хад болох ЭЗЭН магтагдах болтугай.
2Тэр бол миний хайр энэрэл ба миний цайз,
Миний бэхлэлт ба миний аврагч,
Миний бамбай ба миний хоргоддог Нэгэн,
Хүмүүсийг минь миний дор захируулагч.
3Өө, ЭЗЭН, хүн гэгч нь юу болоод
Та түүнийг мэддэг юм бэ?
Хүний хүү гэгч нь юу болоод Та түүний тухай боддог юм бэ?
4Хүн бол зүгээр л нэг амьсгалтай адил юм.
Түүний өдрүүд бол өнгөрч буй сүүдэр шиг билээ.

5Өө, ЭЗЭН, Өөрийн тэнгэрүүдийг бөхийлгөөд доош бууж ирээч.
Утаа гаргуулахаар уулсад хүрээч.
6Аянга цахилгаан цахиулж, тэднийг тараагаач.
Сумнуудаа харваж, тэднийг бут цохиоч.
7Өндөр дээрээс Өөрийн мутрыг сунган,
Намайг их уснаас болон
Харь хүмүүсийн гараас авран чөлөөлөөч.
8Тэдний ам худал хуурмагийг ярьдаг бөгөөд
Тэдний баруун гар бол худал хуурмагийн баруун гар юм.

9Өө, Бурхан, би Танд шинэ дууг дуулна.
Арван утаст ятгаар би Танд магтан дуулна.
10Та хаадад авралыг хайрлаж,
Өөрийн зарц Давидыг бузар илднээс авардаг билээ.
11Ам нь худал хуурмагийг хэлдэг,
Баруун гар нь худал хуурмагийн баруун гар болох
Харь хүмүүсийн гараас намайг авран чөлөөлөөч.

12Манай хөвгүүдийг залууд нь ургаж гүйцсэн ургамал мэт,
Манай охидыг ордонд зориулан урласан булангийн багана мэт болгооч.
13Манай саравчууд бүх төрлийн тариа будаагаар дүүрэн,
Манай хонин сүргүүд талбайнуудад минь
Мянга, түмээр үржих болтугай.
14Манай үхэр сүргүүд
Гай зовлон, алдагдалгүй хүнд ачааг зөөж,
Манай гудамжнуудад хашхирах дуун ч байхгүй болох болтугай!
15Ийм ард түмэн юутай ерөөлтэй вэ!
ЭЗЭНийг өөрсдийн Бурханаа болгодог ард түмэн юутай ерөөлтэй вэ!