7 1Миний Бурхан ЭЗЭН, Таны дотор би хоргодсон билээ.
Намайг мөшгөж буй бүгдээс намайг авран, чөлөөлөөч.
2Эс тэгвэл чөлөөлөх хүнгүйд намайг чирэн, тэрээр арслан мэт намайг урж тастчина.

3Миний Бурхан ЭЗЭН, хэрэв би үүнийг хийсэн бол,
Хэрэв миний гарт гэм нүгэл байгаа бол,

4Хэрэв би анд нөхөртөө хорон мууг буцааж,
Шалтгаангүйгээр миний өстөн болсон хүнээс булааж авсан бол
5Дайсан минь намайг мөшгөн бариг.
Тэрээр амийг минь газарт гишгэлэн,
Алдрыг минь тоос шороонд унагааг.
6ЭЗЭН, ууран дотроо босооч.
Миний өстнүүдийн хилэнгийн эсрэг зогсооч,
Миний төлөө босооч. Та шийтгэлийг товлосон билээ.
7Тоо томшгүй хүмүүсээр Та Өөрийгөө хүрээлүүлж,
Тэдний дээгүүр өндөртөө буцаж залраач.
8ЭЗЭН ард түмнүүдийг шүүдэг.
Миний дотор буй миний зөв шударга болон үнэнч байдлын дагуу,
ЭЗЭН, намайг зөвтгөөч.
9Хорон муу хүний бузар мууг төгсгөж,
Харин зөв шударга хүнийг бат тогтоогооч.
Зөв шударга Бурхан зүрх болон оюун бодлыг шалгадаг юм.
10Миний бамбай
Цэх шулуун зүрхтнийг авардаг Бурханд бий.
11Бурхан бол шударга шүүгч бөгөөд
Өдөр бүр хилэгнэдэг Бурхан юм.

12Хэрвээ хүн гэмшихгүй бол
Тэрээр илдээ ирлэх болно.
Тэрээр нумаа хөвчлөөд, бэлэн болгожээ.
13Тэрээр бас Өөртөө алах зэвсгүүдийг бэлтгэсэн юм.
Тэрээр сумаа галт сум болгодог.
14Харагтун, тэрээр гэм нүглийг төрүүлэхээр дуншиж,
Хорон муугаар жирэмсэлж, худал хуурмагийг төрүүлдэг.
15Тэрээр нүх малтан, түүнийгээ ухаад,
Өөрийн ухсан нүхэндээ унасан юм.
16Түүний хорон муу өөрийнх нь толгой дээр эргэн ирж,
Түүний хүчирхийлэл өөрийнх нь зулай дээр бууна.

17Би ЭЗЭНд Түүний зөв шударгын дагуу талархаж,
Хамгийн Дээд ЭЗЭНий нэрд магтаалыг дуулна.