108 1Өө, Бурхан, зүрх минь бат байна.
Би дуулна, би сэтгэлээрээ ч хүртэл магтан дуулна.
2Босоо ятга болон ятга аа, сэрээч.
Би үүрийн гэгээг сэрээнэ!
3Өө, ЭЗЭН, би хүмүүсийн дунд Танд талархал өргөж,
Үндэстнүүдийн дунд Таныг магтан дуулна.
4Учир нь Таны хайр энэрэл тэнгэрт тулам агуу бөгөөд
Таны үнэн огторгуйд тулам агуу билээ.
5Өө, Бурхан, тэнгэрүүдээс дээгүүр өргөгдөж,
Таны сүр жавхлан бүх дэлхийн дээгүүр өргөмжлөгдөх болтугай.
6Таны хайрт чөлөөлөгдөхийн тулд
Баруун мутраараа аварч, надад хариулаач.

7Бурхан Өөрийн ариун газарт айлдсан нь
“Би ихэд баярлана, би Шекемийг хуваан,
Суккотын хөндийг хэмжинэ.
8Гилеад бол Минийх, Манассе ч Минийх.
Ефраим ч гэсэн Миний толгойн дуулга.
Иуда бол Миний очирт таяг.
9Моаб бол Миний угаалгын сав.
Едомын дээр Би гутлаа шиднэ.
Филистийн дээр Би чангаар хашхирна”.

10Хэн намайг бүслэгдсэн хот уруу авчрах вэ?
Хэн намайг Едом уруу хөтлөн дагуулах вэ?
11Өө, Бурхан, Та Өөрөө биднээс татгалзсан биш үү?
Өө, Бурхан, Та манай цэргүүдтэй хамт давшихгүй гэж үү?
12Өстний эсрэг бидэнд туслаач,
Учир нь хүнээр авруулах нь хоосон юм.
13Бурханаар дамжуулан бид зоригтой байх бөгөөд
Бидний өстнүүдийг гишгэчлэх нэгэн бол Тэр билээ.