111 1ЭЗЭНийг магтагтун!
Би шулуун шударга хүмүүсийн дунд болон чуулганд
Бүхий л зүрхээр ЭЗЭНд талархал өргөнө.
2ЭЗЭНий үйлс агуу юм.
Тэдгээрт баярлагчид тэднийг судалдаг юм.
3Түүний ажил бол цог жавхлантай ба сүр хүчтэй бөгөөд
Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг.
4Тэр Өөрийн гайхамшгуудыг дурсагдахаар болгодог.
ЭЗЭН бол нигүүлсэнгүй болоод өрөвч.
5Тэр Өөрөөс нь эмээгчдэд хоол хүнс өгсөн.
Тэр Өөрийнхөө гэрээг мөнхөд санах болно.
6Тэр үндэстнүүдийн өв залгамжлалыг Өөрийн ард түмэнд өгснөөр
Өөрийн үйлсийн хүчийг тэдэнд мэдүүлсэн.

7Түүний мутрын үйлс бол үнэн ба шударга ёс юм.
Түүний бүх тогтоолууд баттай юм.
8Тэд мөнхийн мөнхөд бат тогтоогдсон.
Тэд үнэн ба шударга ёсоор үйлдэгдсэн.
9Тэр Өөрийн хүмүүст золилтыг илгээсэн.
Тэр Өөрийн гэрээг мөнхөд байгуулсан.
Түүний нэр бол ариун болоод сүрдмээр юм.
10ЭЗЭНээс эмээхүй бол мэргэн ухааны эхлэл юм.
Түүний тушаалуудыг үйлдэгч бүгдэд сайн ухаан байдаг.
Түүний магтаал мөнхөд байдаг.