17 1Шударгын хэргийг сонсооч, ЭЗЭН,
Миний хашхирахыг анхаараач.
Худал хуурмаггүй уруулаас гарсан залбиралд минь чих тавиач.
2Миний шүүлт Таны өмнөөс ирэх авай.
Таны мэлмий цэх шулуунаар харах болтугай.
3Та миний зүрхийг шалгав.
Та шөнө айлчилжээ.
Та намайг сорьсон бөгөөд Та юуг ч олоогүй.
Би амаараа гэм нүгэл хийхгүй гэж шийдсэн.
4Хүний үйлсийн тухайд
Таны уруулын үгийн дагуу
Би хүчирхийлэгчийн замаас сахин хамгаалсан.
5Миний алхмууд Таны замуудад бат холбогдсон.
Хөл минь халтирсангүй.

6Бурхан,
Та надад хариулах учир Би Таныг дуудсан юм.
Надад чихээ тавин, үгийг минь сонсооч.
7Таны баруун мутрын хажууд
Эсэргүүцэн босогчдоос хоргодогчдын Аврагч аа,
Хайр энэрлээ гайхамшигтайгаар үзүүлээч.
8Намайг нүдний цэцгий мэт хамгаалаач.
Далавчнуудынхаа сүүдэрт намайг халхлаач,
9Намайг дарагч хорон муу хүнээс,
Намайг бүсэлсэн хөнөөлт дайснуудаас.
10Тэд өөхөөрөө хучигдаж,
Тэд амаараа бардамнан ярьдаг.
11Тэд одоо алхам бүрд маань биднийг хүрээлжээ.
Тэд газарт унагах гэж харцаа тогтоодог.
12Тэрээр олзоо тастчин хаяхыг хүсдэг арслан мэт,
Нууц газруудад гэтдэг залуу арслан мэт юм.

13Босооч, ЭЗЭН,
Түүнтэй тулж, түүнийг доош унагаач.
Өөрийн илдээр миний сэтгэлийг хорон муу хүнээс авраач.
14ЭЗЭН, энэ амьдралд өөрийн хувийг хүртсэн ертөнцийн хүмүүсээс,
Тэр хүмүүсээс Өөрийн мутраар авраач.
Тэдний хэвлийг Та эрдэнэсээрээ дүүргэдэг билээ.
Тэд үр хүүхдүүддээ сэтгэл хангалуун байж,
Өв хөрөнгөө өөрсдийн баялгуудыг нялх хүүхдүүддээ үлдээдэг юм.
15Миний хувьд бол би зөв шударгаар Таны нүүрийг харна.
Би сэрэхдээ Таны дүр төрхөнд сэтгэл хангалуун байна.