109 1Миний магтаалын Бурхан,
Бүү дуугүй байгаач.
2Учир нь тэд миний эсрэг хорон муу, мэхлэгч амаа нээсэн.
Тэд миний эсрэг худалч хэлээр ярьсан.
3Тэд бас үзэн ядалтын үгсээр намайг тойруулж,
Миний эсрэг ямар ч шалтгаангүйгээр довтолсон.
4Миний хайрын хариуд тэд намайг буруутгагчид болдог.
Харин би залбирч байна.
5Ингэж тэд надад сайныг муугаар,
Миний хайрыг үзэн ядалтаар хариуллаа.

6Хорон муу хүнийг түүний дээр томилж,
Буруутгагчийг баруун гар талд нь зогсоогтун.
7Шүүгдэх үед нь гэмтэй гэж түүнийг урагш гаргаж,
Түүний залбирлыг ч нүгэл болгооч.
8Түүний хоног өдрүүдийг цөөрүүлээч.
Түүний ажил албыг өөр хүнд өгөөч.
9Түүний хүүхдүүдийг өнчин,
Эхнэрийг нь бэлэвсэн болгооч.
10Түүний хүүхдүүдийг тэнүүчлүүлж, гуйлга гуйлгуулаач.
Тэднийг сүйрсэн гэрүүдээс нь хол газар гуйж хооллох болгооч.
11Түүнд зээлдүүлэгч хүнд өөрт нь байгаа бүхнийг олзлуулж,
Гаднын хүмүүст түүний хөдөлмөрийн үр шимийг тонуулаач.
12Түүнд өршөөл хүртээх хэнийг ч,
Түүний өнчин хүүхдүүдийг ч өрөвдөх хэнийг ч үгүй болгооч!
13Түүний үр удмуудыг таслаач.
Хойч үед тэдний нэрсийг арчуулаач.

14Түүний эцэг өвгөдийн хийсэн гэм бурууг ЭЗЭНий өмнө сануулж,
Түүний эхийн нүглийг арчигдахыг бүү зөвшөөрөөч.
15Тэдний тухай дурсамжийг газар дэлхийгээс арилгуулахаар
Тэднийг ЭЗЭНий өмнө байнга байлгаач.
16Яагаад гэвэл тэрээр хайр энэрлийг үзүүлэхээ мартаж,
Харин алахын тулд зүдрэгч болон гачигдагчийг,
Мөн зүрх нь шаналсан хүнийг хавчсан юм.
17Тэр бас хараах дуртай байсан бөгөөд тэр нь ч өөрт нь буцан иржээ.
Тэр ерөөлд баярлаагүй бөгөөд тэр нь ч түүнээс хол байв.
18Харин тэрээр хувцас өмсдөг шиг өөртөө хараалыг өмсөж,
Хараал нь ч түүний биед ус шиг,
Түүний ясанд тос шиг шингэсэн.
19Тэр хараал түүний хувьд өмсдөг хувцас нь мэт,
Үргэлж бүсэлдэг бүс нь мэт болох болтугай.
20Энэ нь намайг буруутгагчдад хийгээд
Миний сэтгэлийн эсрэг бузрыг яригчдад ЭЗЭНээс өгөх шан болог.

21Харин БУРХАН Эзэн, Та Өөрийнхөө нэрийн төлөө надад хандаач.
Таны хайр энэрэл сайн учраас намайг авраач.
22Учир нь би бол зүдрэгч ба гачигдагч бөгөөд
Зүрх минь миний дотор шархадсан.
23Би уртсаж буй сүүдэр мэт алга болж байна.
Би царцаа мэт хийсэн туугдсан.
24Мацаг барьснаас болж өвдөг минь сулран,
Махан бие минь ч өөхгүйгээр эцэж ядарлаа.
25Би бас тэдэнд зэмлэл буруушаал болсон.
Тэд намайг хараад, толгойгоо сэгсэрдэг.

26Миний Бурхан ЭЗЭН, надад туслаач.
Өөрийн хайр энэрлийн ёсоор намайг авраач.
27Энэ бол Таны мутар гэдгийг тэдэнд мэдүүлээч.
ЭЗЭН Та үүнийг үйлдсэн.
28Тэд харааг, харин Та ерөөгөөч.
Тэд босохдоо ичгүүрт орно,
Харин Таны зарц баярлах болно.
29Намайг буруутгагчдыг ичгүүрээр хувцаслаж,
Тэднийг өөрсдийнх нь шившгээр гадуур хувцасаар бүтээлгээч.

30Би амаараа ЭЗЭНд талархлыг элбэгээр өргөх болно.
Мөн олны дунд би Түүнийг магтах болно.
31Учир нь сэтгэлийг нь шүүдэг хүмүүсээс түүнийг аврахын тулд
Тэрээр гачигдагч хүний баруун гар талд зогсдог.