64 1Бурхан, Миний гомдлын дууг сонсооч.
Дайсны аймшгаас амийг минь хамгаалаач.
2Намайг бузар муу хүмүүсийн нууц хуйвалдаан,
Гэм буруу үйлдэгчдийн үймээн шуугианаас нуугаач.
3Тэд хэлээ илд мэт ирлэжээ.
Тэд хорон үгсээ сум мэт онилсон нь
4Нууц далд газраас гэм зэмгүй хүнийг харвахын тулд юм.
Тэд түүн уруу гэнэтхэн харвадаг бөгөөд айдаг ч үгүй.
5Тэд хорон зорилго дотор бат зогсдог.
Тэд нууцаар урхи тавих тухай ярилцдаг.
Тэд “Хэн тэднийг харах юм бэ?” гэдэг.
6Тэд “Бид гүйцэд боловсруулсан хуйвалдааныг дуусгалаа” гэж хэлэн
Шударга бусыг сэддэг.
Учир нь хүний дотор бодол болон зүрх сэтгэлийг ойлгож болохгүй билээ.

7Харин Бурхан тэднийг сумаар харвана.
Тэд гэнэтхэн шархадна.
8Ингээд тэд түүнийг бүдрүүлнэ.
Тэдний өөрсдийнх нь хэл өөрсдийнх нь эсрэг байдаг.
Тэднийг харагчид бүгд толгой сэгсэрнэ.
9Тэгээд бүх хүмүүс айж,
Бурханы ажлыг тунхаглан,
Түүний үйлдсэнийг тунгаан бодох болно.
10Зөв шударга хүн ЭЗЭНий дотор баярлаж, Түүний дотор хоргодно.
Шударга зүрхтэй хүн бүхэн бахархан бахдана.