30 1ЭЗЭН, Та намайг дээшээ өргөж,

Миний дайснуудыг надаас болж баярлуулаагүй учраас
Би Таныг өргөмжилнө.
2Миний Бурхан ЭЗЭН,
Би тусламж гуйн Тан уруу хашхирсан бөгөөд
Та намайг эдгээсэн.
3ЭЗЭН, Та миний сэтгэлийг Үхэгсдийн орноос татан гаргасан.
Би нүх уруу доошоо явахгүйн тулд Та намайг амьд үлдээсэн.
4Түүний бурханлаг хүмүүс ээ,
Та нар ЭЗЭНд магтаалыг дуулж,
Түүний ариун нэрд талархал өргөгтүн.
5Учир нь Түүний уур хилэн агшин зуурынх,
Мөн Түүний ивээл насан туршийнх.
Шөнөжин уйлаан байж болно,
Харин өглөөд баярын хашхираан ирдэг.

6Миний хувьд гэвэл, би таатай нөхцөлдөө
“Би хэзээ ч ганхахгүй” гэсэн.
7ЭЗЭН, Өөрийн ивээлээр Та миний уулыг бат тогтоосон.
Та Өөрийн нүүр царайг нуусанд би сэтгэл зовж байв.
8ЭЗЭН, Тан уруу би хашхирч,
ЭЗЭНд би гуйлтыг өргөсөн.
9“Би доошоо нүх уруу очвол миний цус ямар ашигтай вэ?
Тоос шороо Таныг магтах уу?
Тэр нь Таны итгэлтэй байдлыг тунхаглах уу?

10ЭЗЭН, сонсоод намайг нигүүлсээч.
ЭЗЭН, миний туслагч болооч”.
11Та надад уй гашууг минь бүжиг болгосон.
Та тааран хувцсыг минь тайлан надад баяр хөөрийг өмсгөсөн.
12Ингэсэн нь би дуугүй байхгүй бөгөөд
Сэтгэлээрээ Танд магтаалыг дуулахын тулд болой.
Миний Бурхан ЭЗЭН, би Танд мөнхөд талархана.