71 1ЭЗЭН, Таны дотор би хоргодов.
Намайг хэзээ ч ичгүүрт бүү унагаач.
2Өөрийн зөв шударгаар намайг авран, суллаач.
Өөрийн чихээ над уруу хандуулан, намайг авраач.
3Надад миний байнга очиж байх хоргодох хад болооч.
Та миний хад, миний бат цайз учраас
Намайг аврахаар тушаасан билээ.
4Бурхан минь ээ, намайг хорон муу хүний гараас,
Бурууг үйлдэгч ба харгис хүний атгалтаас авраач.
5Учир нь Та бол миний найдвар.
БУРХАН Эзэн, Та бол залуугаас минь миний итгэл юм.
6Би төрөхөөсөө Танаар түшүүлсэн.
Та бол намайг эхийн минь хэвлийгээс гаргаж авсан Нэгэн билээ.
Би үргэлж Таныг магтана.

7Би олон хүмүүст хачин юм болсон.
Учир нь Та бол миний бат бэх хоргодох газар.
8Миний ам Таны магтаалаар,
Таны алдраар бүхэл өдөржин дүүрсэн байна.
9Хөгшрөх үед намайг бүү орхиоч.
Миний хүч чадал барагдах үед намайг бүү хаяач.
10Учир нь миний дайснууд миний эсрэг ярилцжээ.
Миний амийг отогчид хамтран хуйвалджээ.
11Тэгэхдээ тэд “Бурхан түүнийг хаясан.
Аврах хүн байхгүй учраас түүнийг хөөж, барь” гэж хэлсэн.

12Бурхан, надаас бүү хол байгаач.
Бурхан минь ээ, надад туслахаар хурдлаач.
13Миний сүнсний дайснуудыг ичгүүрт унаган, сөнөөгөөч.
Намайг хорлохыг хүсэгчдийг доромжлол, ичгүүрээр нөмөргөөч.
14Харин би үргэлж найдаж,
Таныг улам ихээр магтах болно.
15Миний ам Таны зөв шударга,
Таны авралын талаар өдөржин ярина.
Учир нь би тэдгээрийн нийлбэрийг ч мэддэггүй юм.
16Би БУРХАН Эзэний хүчит үйлсийг авчирна.
Би Таны зөв шударгын талаар, зөвхөн Таны л тухай тунхаглана.

17Бурхан, Та залуугаас минь эхлэн намайг сургасан.
Би одоо болтол Таны гайхамшигт үйлсийг тунхагладаг.
18Бурхан, хөгширч, бууралтах үед минь ч намайг бүү орхиоч.
Би Таны чадлыг үе удамд,
Таны хүчийг ирээдүйн бүх хүнд тунхаглах хүртэл бүү орхиоч.
19Учир нь аугаа зүйлсийг хийсэн Бурхан,
Таны зөв шударга байдал тэнгэрт хүрсэн.
Бурхан, хэн Тантай адил вэ?
20Надад олон зовлон зүдгүүрийг үзүүлсэн Та
Намайг дахин сэргээж,
Газрын гүнээс дахин татан гаргана.
21Та миний агуу байдлыг улам өсгөж,
Намайг тайвшруулахаар эргээч.

22Бурхан минь ээ, би Таны үнэнийг,
Таныг босоо ятгаар магтана.
Израилийн Ариун Нэгэн,
Би Танд ятга хөгжмөөр магтан дуулна.
23Би Танд магтан дуулах үед уруул минь баярлан хашхирна.
Мөн Таны аварсан миний сэтгэл баясна.
24Хэл минь ч өдөржин Таны зөв шударгыг өгүүлнэ.
Учир нь намайг хорлохыг хүсэгчид доромжлол ба ичгүүрт унасан билээ.